“Төрийн албаны” гэх тодотголтой ажил үүрэгтэй хүн
2019/10/18

Алгын чинээхэн цаас авахын тулд төрийн албан хаагчийн хаалгыг хэдэн цагаар манах нь хэвийн зүйл болсон гэлтэй. “Төрийн албаны” гэх тодотголтой ажил үүрэгтэй хүн бүр төрийн нэр хүнд, нүүр царай гэж хэлж болно. Гэвч төрийн албаны хүнд суртал өнөөг хүртэл буурахгүй байгааг албаныхны хийсэн судалгааны дүн харуулжээ.


ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ 1416 ГОМДОЛ ИРСЭН

Иргэдийн зүгээс “Төрийн албыг төрлийн алба боллоо” гэж шүүмжилдэг. Тэгвэл иргэдээс ирж буй гомдол мэдээллийн ихэнх хувийг төрийн албан хаагчид харилцааны доголдолтой, ёс зүйгүй, хүнд суртал гаргасан гэж ханддаг бол байгууллагын удирдлагын зүгээс ажил үүргээ хангалтгүй биелүүлж, ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэсэн, хэрэглэсэн үедээ ажилдаа ирсэн, ажлын цаг ашиглалт хангалтгүй гэсэн гомдол мэдээлэл ирүүлдэг аж. “Төрийн албан хаагчдын авлигын эрсдэлийг авч үзэхэд ёс зүйн доройтлын асуудал тусгай байр суурийг эзэлж байдаг. Ёс зүйн доройтолд орсноор авлигын эрсдлийг үүсгэж, цаашлаад ашиг сонирхлын зөрчил, гэмт хэрэг үйлдэх аюултай. Тийм учраас төрийн албан  хаагчдын дунд үе шаттайгаар ёс зүйн сургалтыг тогтмол зохион байгуулах ёстой. Төрийн албан хаагчдыг ил тод нээлттэй бус, ялгаварлан гадуурхаж, зүй бусаар ханддаг гэсэн өргөдөл гомдол их ирдэг. Түүний шалтгааныг байгууллагын дотоод хяналтын систем муу ажиллаж байна гэж үздэг.

Эхний хагас жилийн байдлаар Авлигатай тэмцэх газарт 1416 гомдол ирсэн байдаг. Ангилж төрөлжүүлээд дараагийн шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байдаг. Ирж буй гомдол мэдээллийн ихэнх хэсгийг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн гомдол эзэлдэг. Манай байгууллагад ирж буй гомдол бүр зөрчил байдаггүй. Хувь хүнийг гүтгэсэн гомдол ч ирдэг учраас дэнсэлж, тогтоож ажилладаг” талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн ярилаа.

“АЖИЛ ҮҮРЭГТЭЭ ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДАЖ, ИРГЭДИЙГ ЧИРЭГДҮҮЛСЭН ГЭСЭН ГОМДОЛ ГАРГАДАГ”

Өнөөдөр ёс зүйн хороод төрийн захиргааны албан хаагчидтай холбоотой гомдол мэдээлэл авч, шийдвэрлэх ёстой. Гэтэл төрийн албаны хүнд суртал улам өргөжиж, улс төр болон төрийн тусгай албан хаагч, үйлчилгээний албан хаагчидтай холбоотой гомдол мэдээллийг давхар хүлээн авч, сахилгын хариуцлага тооцдог байна.

Энэ нь Монгол Улсад төрийн үйлчилгээ ямар шатанд байгааг илэрхийлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд улс төрийн албан хаагчтай холбоотой 23, тусгай албан хаагч 53, захиргааны албан хаагч 209, үйлчилгээний албан хаагчтай холбоотой 62 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Тэр дундаа гомдол мэдээллийн ихэнх хувь буюу 21.6 хувийг ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж, иргэдийг чирэгдүүлсэн гэсэн гомдол эзэлж байгааг судлаач танилцуулж байлаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404