Аав нь охиндоо удахгүй очно оо...
2019/10/15

Өглөө ажил өөдөө хүйтэн салхи сөрж явтал хажуугийн машин замын өрөөсөн урсгалын эзгүй хэсгээр цагаан хүрэмтэй охин, тохойн чинээ ролик түр түр тонгочуулж явахтай зэрэгцэв.

Гадаа яггүй хүйтэн, охин малгайгүй, нүцгэн гараа ханцуйдаа хулмайджээ. Нас харваас зургаа, долдугаар ангиас хэтрэхгүй. Энэ насны хүүхэд өдийд хичээлдээ явж баймаар, гэтэл үүрсэн цүнх сэлт алга. Хөл доорхтойгоо ноцолдохыг нь үзвэл ийм юм хэрэглэж дадаагүй нь илт.

Хэрэглэж үзэж буй нь бараг өнөөдөр үү? Өнгө гандсан тэр унаа нь ер саяхан хүнийх байсан нь тодорхой. Өчигдөрхөн л аваа болов уу, гуйж зээлж авсан уу, яаж олдоо бол? Өчигдөрхөн авсан бол энэ өглөөг хүлээж нойргүй хоноод, хам хум хувцаслан цай ч уулгүй гарсан даа? Дундажхан айлын хүүхэд бол ийм насан дээр энэ зэргийн юмыг эдэлж ханаад сонь буурч хаясан, унавал дараа дараагийнх нь түвшний юмыг “унадаг” болсон цаг.

Хамил туранхай тэр охин хоёр гуравхан алхам газар түр түр хийлгээд, араас машины дохио хангинамагц, улайж хөрзийсөн нүцгэн гараараа өнөө муугаа шүүрэн авч замаас гарна, эргээд орно. Түр түр, түр түр... “Миний дүү мэдээтэй яв, араас машин гэнэт гарч ирнэ шүү!” гэвэл “За, ах аа” гэх мөртөө наашаа харах сөхөөгүй, хөл доорхоосоо нүд үл салгана.

Ийм юмтай болохсон, ингээд ганцаараа эрх чөлөөтэй явахсан гэж хэдтэйгээсээ бодоо бол? Энэ эрх чөлөө нь хэр урт настай бол? Өөр ямар мөрөөдөлтэй бол, мөрөөдөлдөө хүрэх зам нь хэр бартаатай бол? Гар нь даарч байгаа даа? Ингэж явсаар аль хүрэх бол? Замд нь муу хүн таарч элэг барихгүй байгаа? Муу хүнээс хамгаалах аав, ах байдаг л байгаа даа?

Зам дагуух моддын шарласан навчсын доогуур, мандах наран зүг явсаар бараа тасарч буй цагаан хүрэмтэй, хамил туранхай тэр охины араас энэ мэтийг өөрийн эрхгүй бодож явахад нулимс жолоогүй...Зүрх гэж шүүрэн шанага шиг болж дээ хөөрхий. “Ах нь олон юм чадахгүй юм, аюул ослоос л хол яваарай” гэж бодлоороо хэлээд, мэддэг ганцханаа уншив. Хүний газар суугаа тохойн чинээ муу охин минь хар аяндаа бодогдоно, нулимс асгарч, уруул өмөлзөнө.

Аав нь охиндоо удахгүй очно оо...

 

Bat-Amgalan Buyanjargal
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404