Д.Эрдэнэбат: Сонгуульд санал авахын тулд зардлаа нэмж болохгүй
2019/10/14

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд УИХ өөрчлөлт оруулсан. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн даргад Д.Эрдэнэбатаас зарим зүйлийг тодрууллаа. 

 -АН-ын зөвлөлийн тавьж байгаа санал зөвшилцлийн ажлын хэсэг дээр хэр дэмжигдэж байгаа бол?

 -Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авснаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журамд өөрчлөлт оруулан баталлаа. АН-ын зөвлөл Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоог тусгаж өгөх саналыг тавьж байгаа. Энэ тогтолцоог оруулснаар УИХ бодлогын хувьд зөв ажиллах суурь тавигдана. Жагсаалтаар орох нэрсийг ямар ч байдлаар өөрчилж болно. Жагсаалтаар орох нэр дэвшигчийг сайн хуульчид, салбарын мэргэжилтнүүдээс бүрдэх боломжийг нээх ёстой. 

 Парламентын тогтолцоотой улс орон Ерөнхийлөгчөө парламентаас сонгогдог. Олон тогтолцоотой улс орон хувь хүн хоорондын өс хонзонгийн талбар болж хувирлаа. Ардчилсан парламентаа баталгаажуулъя гэж байгаа. 

 Ерөнхий сайдад эрх мэдлийг нь бүрэн өгөх хэрэгтэй. Парламент зөвхөн хууль тогтоох байгууллага байж, гүйцэтгэх засаглалыг хянах хэрэгтэй. Тиймээс Ерөнхий сайдад Засгийн газраа бүрдүүлэх эрхийг олгох нь зүйтэй. 

 Зөвшилцлийн ажлын хэсэг ямар асуудал руу орох вэ, АН-ын тавьж байгаа гурван асуудлыг хүлээж авах уу гэдэг дээр тулж байна. Зарчмын гурван санал дээр тулгуурлаж ярилцъя гэж байна. АН ардчилсан Монгол Улсыг бүрэн баталгаажуулах  нөхцөлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ зарчмын гурван саналыг оруулахгүйгээр Үндсэн хуулийн өөрчлөлт явагдахгүй. Ийм байдлаар зөвшилцлийн ажил үргэлжилж байна. 

 -Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар ҮХЦ-д хандвал яах вэ?

 -ҮХЦ дээр очих боломж одоо ч нээлттэй. Үүнийг үгүйсгэж болохгүй. Сая Ерөнхийлөгч тогтоолд хориг тавьсан. Цаашид Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зайлшгүй шаардлага гарна. Зөвшилцлийн хугацаанд нэгдмэл ойлголтод хүрэх хэрэгтэй. Ямар ч улстөрч улс орны ирээдүйн төлөө ажиллах хэрэгтэй. Бүр болохгүй бол буулт хийх зарчимдаа орох нь зүйтэй. Ирээдүйгээ харсан гарцаа олж харах хэрэгтэй. Түүнээс бус үнэмлэхүй олонхиороо түрээд энэ хуулийг хүчээр баталж болохгүй. 

 -Ирэх оны төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?

 -2020 оны улсын төсөв сонгуульд чиглэсэн төсөв байна гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа. Энэ бол урьд хожид байгаагүй орлогын нэмэлтээр зардлаа нөхсөн байна гэж харж байгаа. Сонгуульд иргэдээсээ санал авахын тулд төсвийн зардлаа нэмж болохгүй. 

Н.Энх

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404