Доктор Ж.Жадамба: Таван толгойн нүүрс цацрагийн агууламж багатай тиймээс хоргүй
2019/10/14

Шахмал түлшний асуудал гарч байхад химийн технологич хүний хувьд, сүүлийн нэлээн хэдэн жил нүүрсний үнс ашиглах боломж, нүүрс түлэлтээс үүдсэн агаарын бохирдлыг бууруулах талаар сонирхож судалгаа хийж байсны хувьд өөрийн санаа оноогоо хуваалцах шаардлагатай гэж бодож байна. 1. Угаарын хийн үүсэлт, манай шахмал түлшинд юу болоод байгаа талаар Нүүрс ассоциацын гүйцэтгэх захирал Золжаргал болон ШУТИС-ийн багш Илчгэрэл нар ойлгомжтой тайлбарласан байсан. Тэдний тайлбарыг уншвал олон зүйл ойлгомжтой болно. 2. Шахмал түлш агаарын бохирдлыг бууруулах уу? Бууруулна. Яагаад? Агаар бохирдуулагчийн хэмжээ нь бага учир. Агаар бохирдуулагчид юу юу багтдаг вэ? АНУ-ын байгаль орчин хамгаалах агентлагийн агаарын чанарын стандартад 6 төрлийн бохирдуулагчийг авч үздэг. Үүн, Озон, СО, NO2, PM (тоосонцор), Pb, SO2 багтдаг. Эдгээр нь яагаад одоо гаргаж буй шамал түлшинд бага байна вэ? Бид утаа гэдэгтээ яг юу оруулж байгаа нь тодорхойгүй байдгаас хэрүүлийн алим бий болоод байх шиг санагддаг юм. Бид нүдэнд үзэгдэж харагдах зүйлээ л утаа гэж яриад сурчихсан учраас. Энэ нь дутуу шатсан нүүрсний тортог болон тоосонцороо утаа гэж нэрлэж заншсанд байна. Энэ маань тоосонцрыг л утаа гэж үзэхэд хүргэж байна. Дутуу шатсан тортог болон тоосонцор шахмал түлшинд бага байгаа нь уг түлшний найрлага, шинж чанараас хамаарч байна. 1-рт Нүүрсийг угаах үед маш нарийн ширхэгтэй тоосонцор нүүрс зайлуулагддаг. Энэ нарийн тоосонцор гэрийн зууханд шатаж амждаггүй агаарт дэгддэг бөгөөд энэ нь бага болж байна. 2-рт шахмал түлшний чийгшлийн хэмжээ маш бага байна. Энэ нь нарийн нүүрс болон эрдэсийг тээвэрлэгч байхгүй болж байна гэсэн үг юм. Миний нүүр номын хэдэн жилийн өмнөх найз нар санаж байж магадгүй. Би өвөл болохоор нүүрсээ хатаачих юм бол илчлэгийн хэмжээг 30%-иар тоосонцорыг 50%-иар бууруулах боломж байна гээд хэдэн өвөл бичсэн дээ. Гэрт гал түлдэг бүх хүн мэдэж байгаа. Нүүрс зуухандаа хийхэд эхэндээ халж өгөхгүй хар утаа гарч байгаад хэсэг хугацааны дараа зүгээр болдог. Энэ нь манай нүүрс асар их чийглэгтэй байдгаас болдог (20-40%). Харин 1 грамм ус буюу чийгийг ууршуулахад 500 кал дулаан зарцуулагдах учир зуух халахгүй, шаталт сайн явагдахгүйгээс дутуу шатсан нүүрс болон нарийн эрдэс агаарт цацагддаг. Баагисан хар утаа ялгарна. Бид нүүрс хатааж туршилт хийж үзэхэд энэ санаа маань батлагдаж тоосонцор багасаж байсан. 3. Шахмал түлш нь хортой юу? Шахмал түлшний барьцалдуулагчийг цардуул болон бентонит шавраар хийсэн тохиолдолд хортой байх үндэс байхгүй! Цардуул нь нүүрс ус бөгөөд шаталтын эцсийн бүтээгдэхүүн нь СО2 болон ус юм. Бентонит нь монтмориллонитын эрдэс агуулсан шавар бөгөөд холбогч болгон хэрэглэдэг. Бентонитыг хүнсний үйлдвэрлэлд тухайлбал дарсны үйлдвэрлэлд тунгалагжуулагч болгон хэрэглэж байсан. 4. Манайд яагаад золгүй явдал болж хүний алтан амь эрсдэв? Угаарын хий үүсэлтээс болсон нь тогтоогдсон гэж ойлгогдож байна. Энэ дээр урьдчилан уг түлшийг яаж түлэх зааварчилгаа бага өгөгдсөнтэй (өгөгдөөгүй?) холбоотой гэж бодож байна. Илчлэг өндөртэй учир нүүрс шиг ихээр хийж болохгүй, яндангын хавхлагаа хааж болохгүй, зуухны биттүүмжлэл ... гээд олон зүйл танилцуулалгүй орхигдсон бололтой. 5. Энэ угаарын хий үүсэлтийг багасгах боломж бий юу? Нэг хүн яндан хөөлсөн чинь ийм их үнс гарлаа гэсэн зураг оруулсан харагдсан. Үнс ихтэй учир хичнээн чийг бага ч гэсэн шаталтын хийтэй (СО2) цуг нарийн ширхэгтэй эрдэс зөөвөрлөгдөн яндангийн зайг битүүлж , агаар солилцоог бууруулж байж болно. Тэгэхээр ядаж яндангаа өдөр болгон тогшиж битүүрүүлж болох хөө, эрдэсийг зайлуулах гал унтраах нэг арга байж болох юм. 6. Шахмал түлшний үнс хортой юу? Энэ нь нүүрсний эрдэс юу юунаас тогтохоос хамаарна. Таван толгойн нүүрс цацрагийн агууламж багатай. Тэгэхээр тэр тал дээр асуудал байхгүй. Карбонат, сульфат болон элс, шаварлаг эрдэс зонхилсон бол бас асуудалгүй. Сульфатын хүхэр өндөр температурт задрах учир хүхэрлэг хий ч ялгаруулахгүй. Пиритийн хүхэр бол гэрийн зууханд задарч эхлэх байх. Гэхдээ 800С-аас өндөрт бүрэн задрах учир харьцангуй гайгүй гэж бодож байна. Одоо айлуудаа шахмал түлшээр хангаж байгаа үед уг түлшний үнсийг ямар хэлбэрээр ашиглах боломж байгааг судлахад зүгээр байх гэж бодож байна.

Доктор Ж.Жадамба

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404