Н. Анхбаяр: Д.Мөнх-Эрдэнэ бид хоёрын дунд хувийн асуудал байхгүй.
2019/10/11

Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н. Анхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Та өөрийгөө албан тушаал ахиад явах мэргэжлийн хүн гэж бодож байна уу?

-Би дипломат албанд 2006 оноос хойш арав гаруй жил ажиллаж байна. Мэргэжилтнээс эхлээд ажилласан. Шинэ батлагдсан Төрийн албаны хууль болон бусад хуулийн шалгуурыг хангаад ажиллаж байгаа.

-Томилгоонд аавын нөлөөлөл ордог уу?

-Юм болгонд орно гэж юу байхав дээ. Тийм зүйл байхгүй.

-Огт орж байгаагүй юм уу?

-Албаны үүргээ гүйцэтгээд явж байхад хувийн шинжтэй асуултад хариулахгүй. Би олон жил дипломат албанд ажиллаж байсан. Тэр болгонд оролцож байгаагүй.

-Австрали улс руу Элчин сайдаар явах хүсэлтээ та өөрөө яаманд тавьсан уу. Эсвэл яам танд санал тавьсан уу?

-Яам дээр элчин сайдаар ажиллах боломжтой жагсаалт судалгаа гардаг. Мөн яамны удирдлагын зүгээс тавигдаад явдаг асуудал.

-Хөх хотын консул Д.Мөнх-Эрдэнэ нэлээд зүйлийг ярьж байсан. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Хөх хотын ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудлаар би тайлбар хийчихсэн. Д.Мөнх-Эрдэнийн хувьд өөрийнхөө болон консулын газрын нэр дээр дөрвөн машин оруулсан. Тэр нь БНХАУ-ын эрх бүхий байгууллагын шалгалтаар орсон. Ерөнхийдөө хятад иргэдэд худалдаалсан шинж тэмдэг байна гээд албан тушаалыг нь цуцалж, эргүүлэн татсан. Д.Мөнх-Эрдэнэ бид хоёрын дунд хувийн асуудал байхгүй.

-Сүүлийн үед дипломат албаны хүмүүс хэрэгт холбогдож, ёс зүйн алдаа гаргах асуудал дээр танай яам ямар бодлого барьж ажиллах вэ?

-Үүссэн нөхцөл байдал харамсалтай. Цаашид урьдчилан сэргийлэх арга хэмжээн дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Өнгөрсөн долдугаар сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар дипломат ажилтны ёс зүй болон сахилгын дүрэм батлуулсан. Энд тодорхой заалтууд орсон байгаа. Хилийн чандад ажиллаж байхдаа хэрэгт холбогдох, дипломат албаа урвуулан ашиглаж, өөртөө болон гэр бүлийн гишүүддээ урвуулан ашиглах юм бол тухайн хүнийг дипломат албанаас чөлөөлдөг.

БИ Т.ЭНХСАЙХАНЫГ НЭР ТӨРД ХАЛДСАН ХЭРГЭЭР ИРГЭНИЙ ШҮҮХЭД ХАНДСАН

-Т.Энхсайхан Хууль зүйн сайдын унаж байсан машиныг таны найзын оролцоотойгоор орж ирсэн гэдгийг хэлж байсан. Энэ үнэн үү?

-Манай аавын хийж байгаа ажилтай холбогдуулж, янз бүрээр олон нийтэд үндэслэлгүй худал мэдээлэл тарааж байна. Би Т.Энхсайханыг нэр төрд халдсан хэргээр иргэний шүүхэд хандсан. Шүүхээр үнэн худал нь шийдэгдэнэ.

-Та Эрдэнэт үйлдвэрт ямар бараа нийлүүлж байсан вэ?

-Олон жилийн өмнөх асуудал. Үүнийг хангалттай хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Одоо дахин яриад яахав.

-Аавынхаа нөлөөллөөр Эрдэнэт үйлдвэрт бараа үйлчилгээ нийлүүлдэг байсан юм уу?

-Би тийм олон удаа хийгээгүй. Хоёр удаа хийсэн. Энэ асуудлыг одоо харахын бол ёс зүйгүй үйлдэл. Тухайн үед би төрийн албанд ажиллаж байгаагүй.

-Эрдэнэт үйлдвэрт юу нийлүүлж байсан вэ?

-Хөдөлгүүр нийлүүлж байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яваад байгаа тийм их дүнтэй биш. Хоёр удаагийн худалдан авах ажилгаанд оролцож, 300,000-400,000 ам.долларын хөдөлгүүрийг Эрдэнэт үйлдвэрт нийлүүлж байсан.

-Одоо та хувийн бизнес хийж байгаа юу?

-Хувийн бизнес хийхгүй байгаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404