Өвлийн наадамд оролцох тамирчдад англи хэлний үнэ төлбөргүй сургалт зохион байгуулж байна
2019/10/10

Швед улсад 2021 онд зохион байгуулагдах тусгай олимпийн өвлийн наадамд эх орноо төлөөлөн оролцох 20 тамирчны англи хэлний мэдлэгийг сайжруулах зорилгоор Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын тусгай олимпийн хороо, ерөнхий боловсролын “Хобби” сургууль, 25 дугаар тусгай сургууль хамтран үнэ төлбөргүй Англи хэлний анхан шатны сургалтыг 2019-2020 оны хичээлийн жилд Нийслэлийн залуучуудын хөгжлийн төвд зохион байгуулахаар ажиллаж байна.

Сургалтын нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа. Нээлтийн үеэр 25-р тусгай дунд сургуулийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг гарган танилцуулсан бөгөөд англи хэлний хичээлийг “Хобби” сургуулийн 9-12 дугаар ангийн Улаан загалмай нийгэмлэгийн идэвхтэн гишүүд заах юм.
Дэлхийн 170 гаруй оронд Үндэсний Олимпийн хороо, Параолимп, Тусгай Олимпийн хороод идэвхтэй үйл ажиллагаа явуулж, зуны болон Өвлийн Олимпын арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг байна.
Монголын Тусгай Олимпийн Хороо нь 2013 оны 04-р сарын 01-ний өдөр Олон Улсын Олимпийн хороонд гишүүнээр элсэж, 2013 оны 04-р сарын 13-ны өдөр Монгол Улсад Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болон албан ёсоор бүртгэгдсэн байна. Монголын Тусгай Олимпийн Хороо нь Олон Улсын Олимпийн Хорооны зорилгыг эрхэмлэн цаашид Монгол улсад оюуны бэрхшээлтэй хүмүүсийг спортоор хөгжүүлж тэдний нуугдмал чадавхийг хөгжүүлэн, эрүүл бие бялдартай, аз жаргалтай, өөртөө итгэлтэй, урам зоригтой тамирчин болоход нь бүхий боломжоор дэмжлэг үзүүлдэг юм.

2013 оны 02 дугаар сард Солонгос улсад зохион байгуулсан Тусгай олимпийн өвлийн наадамд Монгол Улсын оюуны бэрхшээлтэй тамирчид амжилттай оролцоод ирсэн байна. Энэхүү Тусгай Олимпийн Өвлийн наадамд дэлхийн 105 орны 2.500 тамирчин, 15.000 дасгалжуулагч, хөгжөөн дэмжигч, гэр бүлийн гишүүд, 3.500 сайн дурын зохион байгуулагчид оролцжээ. гэж Нийслэлийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404