11 байршилд борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэнэ
2018/07/24

Нийслэл хотын хэмжээнд далд хэлбэрийн борооны ус зайлуулах шугам сүлжээ 180 гаруй км байдаг бөгөөд авто замын гадаргуугийн усыг 2000 орчим шүүрт худгаар дамжуулан авч зайлуулдаг. Энэ оны тухайд 11 байршилд шинээр буюу шинэчлэн замын борооны ус зайлуулах шугамын ажлыг хийж байгаа аж. Сүүлийн байдлаар усны гудамж, “И-Март” худалдааны төвийн уулзвар-Токиогийн гудамж, Ганц худгийн авто зам, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам, Энхтайваны гүүрний зүүн талын төмөр зам доогуурх нүхэн гарц зэрэг газруудад ус зайлуулах шугамын ажил үргэлжлүүлэн хийж байна.

Жил бүр борооны ус зайлуулах далд шугам сүлжээ шүүрт болон үзлэгийн худгуудад цэвэрлэгээ, урсгал засвар, нөхөн сэргээлтийн ажил хийгддэг боловч зарим иргэн, аж ахуйн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан эвдрэл үүсдэг. Үүнд, Аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй холболт хийж, худгийн ачааллыг нэмэгдүүлдэг, шүүрт худаг руу замын шороо болон хог хийж битүүрүүлэх, дур мэдэн барилга байгууламж барих зэргээс шалтгаалж борооны ус зайлуулах шугам сүлжээ хэвийн ажиллах боломжоо алддаг юм. Иймд иргэн, аж ахуйн нэгжүүд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, зам талбайн үйл ажиллагаанд саад учруулахгүй байхыг албаныхан анхааруулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404