97 настай Гүүдэнау нь хамгийн өндөр насандаа Нобелийн шагнал хүртсэн хүн болж байна
2019/10/10

2019 оны химийн салбарын Нобелийн шагналыг lithium-ion батарейг бүтээсэн гурван эрдэмтэн хүртэхээр болсныг Шведийн шинжлэх ухааны академи өчигдөр орой зарлажээ.

Германд төрсөн АНУ-ын иргэн, Техасын их сургуулийн профессор Жон Гүүденау, Британийн иргэн, Бингхэмптоны их сургуулийн Стэнли Уиттинхэм, Японы иргэн, Мэйжогийн их сургуулийн эрдэмтэн Акира Ёшино нар есөн сая швед кроны ($918,000) шагналыг тэнцүү хувааж хүртэх юм.

97 настай Гүүдэнау нь хамгийн өндөр насандаа Нобелийн шагнал хүртсэн хүн болж байна.

Шагналын хорооны дүгнэлтэд “Энэхүү хөнгөн жинтэй, дахин цэнэглэгддэг, хүчтэй батарей нь өнөөдөр гар утаснаас эхлээд зөөврийн компьютер, цахилгаан автомашин гээд олон зүйлд ашиглагдаж байгаагаас гадна нар, салхины үүсгэсэн эрчим хүчийг нөөцөлж, нүүрсгүй нийгэм байгуулах боломжийг нээж байна. Lithium батарей нь 1991 онд анх зах зээлд нэвтэрсэн цагаасаа эхлэн бидний амьдралд хувьсгал хийсэн юм” хэмээн онцолжээ.

Эрдэмтдээс Уиттинхэм 1970-аад оны үед анхны lithium-ion батарейг бүтээж байсан юм. Түүнээс 10 орчим жилийн дараа Гүүдэнау уг батарейны багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлж чаджээ. Харин Ёшино энэхүү батарейнаас цэвэр lithium элементийг нь салгаж, аюулгүй байдлыг нь эрс сайжруулсан байна.

Гурван эрдэмтэн шагналаа арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Шведийн нийслэл Стокгольмд гардаж авна. 2019 оны утга зохиолын Нобелийн шагналтан өнөөдөр орой тодрох бол энх тайвны шагналтныг маргааш буюу Баасан гарагт зарлана. Даваа гарагт эдийн засгийн салбарын Нобелийн шагналтныг зарлах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404