У.Хүрэлсүх: Цэргийн хүчийг ашиглахыг зөвлөв
2018/07/20

Монгол Улсын Ерөнхий сайд үерийн улмаас үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссыг хуралдууллаа. Наадмын маргааш намар гэдэгтэй адил намрын ажил эхэлж байгаа болон нийт нутгийн ихэнх хэсэг хур бороо орсноос үер бууж, зарим аймагт гамшгийн нөхцөл байдал үүссэн учраас ийнхүү Улсын онцгой комиссыг хуралдуулж байгаа гэдгийг хуралдааны эхэнд тодотгожээ.

Тэрбээр "Нэгт, Олон хоногийн турш бороо орсноос үерийн нөхцөл байдал зөвхөн Монголд биш бүс нутгийн хэмжээнд тархсан. Өнгөрсөн жил ой хээрийн түймэртэй тэмцэж байсан  бол энэ жил усны асуудал ярьж байна. Дэлхий ертөнц өөрөө өөрчлөгдөж байна. Бид гай зовлон, гамшиг осолд байнгын бэлэн байх ёстой. Хамгийн гол нь бидэнд  эрдэнэт хүний амь чухал гэдгийг үргэлж санаж ажиллах ёстой. Ирэх арав хоног мөн л бороотой байх, ялангуяа төвийн бүс нутгаар орох юм байна. Тиймээс холбогдох албад бэлэн байдалд ажиллах шаардлагатай. Мөн ард иргэддээ цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй өгч, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх. Мэдээлэл, технологийн боломжийг ашиглах ёстой. Хоёрт, удахгүй намар эхэлж, эрт хүйтэрнэ. Тиймээс хадлан тэжээл, тариа хураалт, өвч тэжээлийн фонд, аймаг орон нутгийн бэлтгэл ажил ямар байгаа зэрэгт хяналт тавьж ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад даалгаж байна. Өвөлжилтийн бэлтгэл базаах шаардлагатай хөрөнгө оруулалтыг Засгийн газар баталсан байгаа учраас төлөвлөгдсөн салбаруудын ажлыг цаг хугацаанд нь дуусгах ёстой. Мөн Баян-Өлгий аймагт барих үерийн даланг цэргүүдээр бариул. Манай улсын хөгжихгүй байгаа  нэг шалтгаан бол тендер. Тендер зарлахаар  нэг компанийг шалгаруулахаар нөгөө компани нь шүүхэд өгдөг. Ингэж улсын ажил гацаж, хэдэн жил дамждаг. Тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг батлан хамгаалах салбар, цэрэг армиар хийлгэх  эрх зүйн боломж бий. Түүнийг ашигла. Гуравт, нийслэлийн үерийн аюултай бүсэд амьдарч байгаа иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, эвдэрсэн замыг яаралтай завсарлахыг үүрэг болгож байна.Хүний амь эрсдэж болохгүй шүү, дарга нараа. Түүнээс гадна үерийн улмаас үүссэн гамшигт шаардлагатай хөрөнгө оруулалтыг тодорхойлж, Засгийн газрын хуралдаанаар яаралтай оруулах шаардлагатай байна" хэмээн мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
Зочин182.160.33.153
Хөөрхий минь. Хүрэлсүх тэр хурал дээрээ үүрэг өгөх гэж хүний бичиж өгсөн юмыг унших гэж бараг үсэглэнэ лээ дээ. Чааваас
2018/07/20
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404