Д.Лүндээжанцан: 2020 оны УИХ, Засгийн газар яаж ажиллах бол гэж санаа зовж байна.
2019/10/04

УИХ-ын ээлжит чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байгаа билээ. Хоригтой холбоотойгоор гишүүд санал хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Үндсэн хуулийн хоёр дахь хэлэлцүүлгээ хийж дуусаад, ард нийтийн санал асуулга хийгээд дуусгая гэж бид тохирсон. Гэтэл АН-ын эхлээд ард нийтийн санал асуулга явуулах ёстой гээд байсан мөртлөө одоо эсэргүүцээд байна. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 100 хувь сайн хийсэн гэж хэлэхгүй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хангалттай ажиллалаа. Орсон өөрчлөлтүүдийг би муу гэхгүй. Сайн заалтууд олон орсон. УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах. Төсвийн хараат бус байдал. Хотуудын эрх зүйн байдлыг тодорхой болгож өглөө. Байгалийн баялгийн хуваарилалтаа зөв хийх заалтыг тусгаж өгсөн. Шүүхийг хараат бус болгох асуудлыг шийдсэн. 60 хувь шийдсэн. Нэг хүний хараат байдлаас гаргалаа. Шүүх хараат бус байна гэж бүх хүн үзэж байна. Шүүхийн хариуцлагыг бий болгож байна. Гаргасан шийдвэрийнх нь төлөө шалгадаг, сахилгын шийтгэл оноодог механизмыг тусгачихаад сууж байгаа. Хэрвээ бид хоригийг хүлээж аваад, ард нийтийн санал асуулга явуулахгүй бол энэ өөрчлөлтүүд унана.  Үндсэн хуулийг яагаад эсэргүүцээд байна вэ. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч шүүхийг бүтэн атгахыг хүсч байна. Үндсэн хуулиар олгоогүй 60 гаруй эрхийг органик хуулиар олж авах гэж зүтгэж эхэллээ. 2021 онд дахин сонгогдохыг хүсч байна. Барьцаалагдсан улстөрчид шийдвэр гаргаж чадахгүй байгаа.  З.Батзандан, Л.Болд хоёр нөхөртөө хандаж хэлмээр байна. Яаж бид шүүхийн хараат байдлыг болиулахаар тэмцлээ. Яаж байгалийн баялгаа ард иргэдэд тэнцвэртэй олгохын төлөө тэмцсэн билээ. Гэтэл энэ бүхнийг та хоёр нураах гэж байна. Бидний зүтгэж оруулсан сайн өөрчлөлтүүд энэ төсөлд байгаа шүү дээ.  Яагаад унагах гээд байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Т.Аюурсайхан гишүүний саналтай санаа нийлж байна. Бид дордуулсан долоон заалтыг засах талаар олон жил ярилаа. Бид энэ удаад тал талын санал аваад, олон хоног ярилцаж байж өөрчлөлт оруулах гээд сууж байна. Хэрвээ хоригийг хүлээж авбал төсөлд байгаа хэдэн заалтууд бүгд унаад эхэлнэ. Шударга бус шүүхтэй байхыг хүссэн гишүүд нь унагана. Байгалийн баялгийг тэгш хуваарилах асуудлыг унагана. Одоо хэлэлцээд баталсан хэдэн заалтыг 57 гишүүний босго давуулах гэж яаж үйлээ үзлээ. Гурав дахь хэлэлцүүлэг рүү орвол яг л ийм болно. АН-ынхан маань яагаад ингэж нэг хүний бос гэхээр босч, суу гэхээр суугаад байгаа юм. Ард нийтийн санал асуулга явуулъя гэхээр нь зөвшөөрсөн. Яг явуулах гэхээр эсэргүүцээд байх юм. Өөлбөл өндөг ч өөтэй шүү.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: 1992 онд батлагдсан Үндсэн хууль нийгмийн асуудлыг зохицуулаад 30 жил өнгөрч. Одоо ард иргэд өөрчлөгдөх хүсэлтэй байна. Яаж өөрчлөгдөх вэ гэхээр олон санаа гардаг. Эцэстээ Үндсэн хуулийн өөрчлөлт дээр л буудаг. Тиймдээ ч Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах гээд хэлэлцээд байна.  Бидний гол өөрчлөх зүйл нь засаглалын ойлгомжгүй байдал. Ерөнхийлөгч нь Ерөнхий сайд ч юм шиг. УИХ нь Засгийн газар ч юм шиг болчихсон. Үүнийг л өөрчлөх хэрэгтэй байна. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авбал ямар өөрчлөлт орох гээд байгаа юм. Дараа нь ямар алхам хийх үү. Хүлээж авахгүй бол яах юм. Үүнд ЕТГ-ын дарга хариулаад өг. Д.Лүндээжанцан даргаас асууя, энэ өөрчлөлтийг хийхгүй бол дахиад 20, 30 жил ийм янзаараа явна. Үүнийг нийгэм тэсэх үү. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж чадвал яах уу, чадахгүй яах вэ.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Хүлээж авбал яах вэ гэж. Бүрэн авч болно, хэсэгчлэн авч болно. Хэсэгчлэн авбал тогтоолдоо засвар хийгээд цааш явж болно. Бүрэн авбал шинээр хэлэлцэнэ гэсэн үг.  Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж эхэлснээс хойш Ерөнхийлөгч 17 үйл ажиллагаа явуулсан. Ерөнхийлөгч оролцоод, тухай бүрт нь залруулга хийх гээд л үзээд байна.  Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй бол төсөл бүхэлдээ унана. Хүлээж авбал засвар хийгээд, одоогийн хүрсэн түвшиндээ батлах боломж байгаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн 68 дугаар зүйл дээр санал асуулгыг Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1.16-д заасны дагуу явуулна гэж заасан. Ерөнхийлөгч энэ заалтаа бариагүй байна гэж үзээд байгаа юм. Уг нь бид тусгаад өгчихсөн л байгаа.  Хэрвээ энэ өөрчлөлтийг хийж чадахгүй 2020 оны УИХ, Засгийн газар яаж ажиллах бол гэж санаа зовж байна. Тэр дундаа ард түмний амьдралд яаж тусахаас санаа үнэхээр зовж байгаа.  Тусгаар тогтнолын баталгаа болсон парламентын тогтолцоо явцгүй юм байна. Өөр засаглалын систем сонгоё гэдэг зүйл рүү явчих хөрс суурь болох вий гэж санаа зовж байгаа, бас. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хийх л ёстой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404