Архангайн Цэнхэр сумынхан Ерөнхий сайдад талархлаа илэрхийлжээ
2019/10/03

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Орхон голоо хамгаалах хөдөлгөөн”-ий тэргүүн болон Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Засгийн газар тогтоол гарган Цэнхэр суманд ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгжүүдийн 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Үүний дүнд 22 жил талхлагдаж, хүн, мал амьдрах аргагүй болсон нутаг орон нь өнгөө засч, Орхон гол болон булаг шанд сэргэж эхэлсэнд баяртай байгаагаа иргэд Ерөнхий сайдад илэрхийлэв. Одоогоор эвдэрч сүйдсэн 1000 га-д техникийн, 300 га-д биологийн нөхөн сэргээлт хийгээд байна. Цаашид нөхөн сэргээлтийн явцыг эрчимжүүлэх, малгүй болсон өрхийг малжуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Хариуцлагагүй уул уурхай эрхлэх нь иргэдийн амьд явах эрхэнд халдаж байгаа хэрэг. Иймээс үүнийг таслан зогсооно. Ирэх оноос экологийн 200 гаруй цагдаа ажиллуулахаар төсвийн төсөлд тусгасан гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Иргэд ч орон нутагтаа байнгын хяналт тавьж, хууль зөрчдөг, байгаль орчин сүйтгэдэг, нөхөн сэргээлт хийдэггүй бол төр, засагтайгаа хамтран тэмцэх ёстой гэв хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404