МАН-ынхан зөвшилцөж чадсангүй
2019/10/02

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ. Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг тавьсан. Хоригийг УИХ хэлэлцэх сүүлийн хугацаа Баасан гаригт дуусах юм.

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлаар  МАН-ын бүлэг өчигдөр Их тэнгэрт хуралдав.  МАН-ын бүлгийн 30 гаруй гишүүн оролцсон бөгөөд ямар нэг зөвшилцөлд хүрч чадаагүй гэнэ. Учир нь гишүүдийн зүгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй, Ард нийтийн санал асуулгыг явуулах ёстой гэсэн байр суурьтай байгаа бол зарим нь хоригийг хүлээж аваад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж, УИХ батлах ёстой гэдэг байр суурьтай байгаа юм.

Гэхдээ хоригийг хүлээж  авсан тохиолдолд УИХ өөрсдийн итгэл үнэмшлээрээ баталж чадах уу, гишүүд итгэл үнэмшлээрээ дэмжих эсэх зэрэг олон асуудал байгаа учраас дахин ярилцах ёстой гэсэн байр суурьтай гишүүд олон байгаа аж. Мөн зарим гишүүдийн зүгээс хориг бол хууль эрх зүйн хувьд үндэслэлгүй, хүлээж авахгүй, дэмжихгүй гэдэг байр суурин дээрээ ч хатуу байгаа гэдгээ илэрхийлжээ. Тиймээс Их тэнгэрт болсон хурал ямар нэг үр дүнд хүрээгүй тарсан учраас МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоригийг хэлэлцэхээр болжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404