Занданшатар: УИХ-ын гишүүд хурууны хээ мээхэн ярьсан шиг суух үнэн гунигтай биш үү?
2019/10/01

Энэ удаагийн чуулган парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжилсэн ч үр дүн муутайхандуу л завсарлаж буйг ард түмэн анзаарч байгаа байх. УИХ-ын дарга Г.Занданшатар “Нэгдсэн хуралдаан 14 удаа, 68 цаг хуралдсан байна. Нийт 23 асуудал хэлэлцэн, 275 удаа санал хураалт явуулжээ. Байнгын хороод 17 удаа, 25 цаг орчим хуралдахдаа 263 удаа санал хураалт явууллаа. Түмэн олноо төлөөлсөн төрийн түшээдийн хувьд Та бид зуны турш амралтаа хойш тавьж, алжаалыг умартан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх түүхэн үүргээ ухамсарлаж хичээнгүй ажилласан. Хурал чуулганд идэвхтэй оролцсон гишүүддээ талархал илэрхийлэх нь зүйд нийцнэ” гэж онцолж байна. Аливаа үйл ажлын эцсийн зорилго үр дүн байдаг. Үр дүн шийдэлд хүрээгүй чуулганыг жигтэйхэн сайн ажилласан мэтээр тойглоно гэдэг алдаа төдийгүй нүгэл. Гишүүд чуулгандаа идэвхтэй оролцох гэдэг ердөө үндсэн үүрэг нь шүү дээ. Тэгэхэд үнэмлэхүй олонхи болсон МАН-ыхан улс орноо урагшлуулах шийдэлд хүрээгүй төдийгүй харин ч УИХ-ыг тараана гэж өчнөөн бужигнан талцсан улс төр хийж, сонгогч олноо баахан даапаалав. Үүнийг УИХ-ын эрхэм дарга Та арай хэтийдсэн дүгнэлтээр “онц” дүн тавьж буй нь гунигтай.

“УИХ-ын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, улс төрийн 28 намын төлөөлөл, иргэд, эрдэмтэн судлаачид оролцсон хэлэлцүүлгүүдийг амжилттай зохион байгуулсан. Улсын Их Хурлын даргын хувиар улс төрийн 17 намын дарга, удирдлагуудтай биечлэн уулзаж, санал солилцсон. Тэдний дийлэнх нь уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.Иргэд, намуудын саналыг орхигдуулалгүй судлан үзэж, чухал шаардлагатайг нь төсөлд тусгасан.Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах амаргүй хэрнээ түүхэн хариуцлагатай, төр түмний төлөөх үйл хэргийн ачааны хүндийг бид нэр төртэй давж гарсан гэж хэлж болно” гэж эрхэм спикер хөөрч байна. Өмнөх Их хурлуудын чуулганы үеэр ч “Үндсэн хууль”-ийг өөрчилнө гэж ярьж л байсан. Тэглээ гээд ажил болж бүтсэн нь цөөхөн. Эцэг хуульдаа гар хүрвэл зоригтойхон хүрч шийдэлд хүрэх учиртай ч өчнөөн олон сар жилээр сунжруулсаар улс орны бусад чухал ажил төрлийг ч хэлэлцэх цаг заваа үрж суугаагаа төрийн түшээд ухамсарлах хэрэгтэй. “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанд хурууны хээ таних цахим системийг хэрэглэж хэвшсэнээр хуралдааны ирц, гишүүдийн хариуцлага дээшиллээ” гэж Занданшатар дарга хэлж байна. Өнөө цагт сургуулийн сурагчид ч хичээлээсээ хоцрохгүй байх, цагийг хийдүүлэхгүй байх тал дээр маш их хариуцлага, ухамсартай. Тэгэхэд улс орноо удирдан чиглүүлэх үүрэгтэй УИХ-ын гишүүд хурууны хээ мээхэн ярьсан шиг суух үнэн гунигтай биш үү?

Их Хурлын даргын хэлсэн үгэнд чихэнд чимэгтэй сэтгэлд наалдацтай ганц нэг зүйл байсныг үгүйсгэж болохгүй. Тухайлбал “Ээлжит бус чуулганы хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэг тойрсон ял завшсан, завших гэж буй талаарх олон нийтийг бухимдуулсан мэдээлэл, асуудалд онцгой анхаарал хандуулж ажилласан. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын дарга нарт эрх хэмжээнийхээ хүрээнд хандаж, ял завшуулахгүй байх бүх талын арга хэмжээ авах, хууль хэрэглэхдээ алдаа дутагдал гарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, арга хэмжээ авахыг албан ёсоор хүссэн. Түүнчлэн Төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулан ажиллуулж байна. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн намрын ээлжит чуулганаар шаардлагатай хууль зүйн зохицуулалтыг даруй хийх нь зүйтэй гэж үзэж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Монгол Улсад хэн ч хуулиар халхавчлан ял завших ёсгүй. Ард нийтээрээ шударга ёсыг хүсэмжилж байгаа энэ цаг үед тэдний хүсэл зоригийг үл тоох, хайхрамжгүй хандах эрх хэнд ч байх ёсгүй. Шударга бус үйлдэл бүхнийг илрүүлж, тэмцэх нь хууль шүүхийн байгууллага төдийгүй нийт төрийн байгууллага, албан тушаалтны журамт үүрэг мөн. Түүний дотор хууль тогтоох байгууллага Улсын Их Хурал, иргэдийнхээ итгэлийг хүлээж сонгогдсон Эрхэм гишүүд Та бидний хүлээх үүрэг, хариуцлага бүхнээс дээгүүр байх учиртай” гэсэн санаа байна. Авилга, албан тушаалын хэрэгтнүүдэд хамгийн гол нь бодит хариуцлага тооцож, төр түмнийг хохиролгүй болгож чадаж байна уу гэдэг асуудал хүн бүхний толгойны өвчин болоод байгаа гэдгийг мартаж үл болно.

Г.Занданшатар Уинстон Черчиллийн “Сайжруулья гэвэл өөрчлөх хэрэгтэй, төгс төгөлдөр байя гэвэл байнга өөрчлөгд” гэдэг үгийг эшлэн хэлж байна. “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай” Улсын Их Хурлын 73-р тогтоолд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Ардчилсан намын зөвлөлөөс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ард нийтийн санал асуулга, ээлжит бус сонгууль, Ерөнхийлөгчийн тавьсан хориг гээд нийт гурван асуудлаар зөвшилцөх санал ирүүлсэнтэй холбоотойгоор улс төрийн шинэ нөхцөл байдал үүсээд байгаа. Хэрвээ саяын шиг байсаар завсарлах аваас “Үндсэн хууль”-д өөрчлөлт хэзээ хийгдэж амжихгүй гэсэн үг. Их хурлын даргын хэлснээр “Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд нь монгол оронд хууль эрх зүйн хувьсгалыг шинээр эхлүүлж, хөгжил дэвшлийн замд Монгол Улс эргэлт буцалтгүй чиглэхэд бодит хувь нэмэр оруулаасай” билээ дээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404