Ж.Жаргалсайхан хандивын мөнгөнөөсөө сэтгүүлч М.Уянгад 5 сая төгрөг хандивлалаа
2019/09/30

Хэвлэл мэдээллийн салбарт үр бүтээлтэй ажиллаж үзэгч, уншигч олноо хүндлэгдсэн хоёр сайхан сэтгүүлч эмэгтэй хүнд өвчний улмаас хандивын аян зарласан билээ.

Монголын сайтын холбооны ерөнхийлөгч асан, сэтгүүлч Ж.Жаргалсайхан, ETV телевизийн сэтгүүлч М.Уянга нарын хандивын аянд сэтгүүл зүйн салбарынхан нэгдсээр байна. Гэвч сэтгүүлч М.Уянгын эмчилгээ зогсож, хүнд байдалд орсон талаар түүний ар гэрийнхэн өнөөдөр /2019.09.30/  мэдээлсэн.

Сэтгүүлч М.Уянгын ар гэрийнхэн “Монголынхоо ард түмний сэтгэлийн хандив, үзэгт нэгт нөхдийнхөө тус дэмээр цусны бүлэг ижилсүүлж, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр Солонгос улсыг зориод байсан сэтгүүлч М.Уянга эмчилгээний хүндрэлээс шалтгаалж, эмнэлгийн төлбөр дутсаны улмаас эмчилгээ нь зогсож, хүнд байдалд ороод байна. Эхний шатны эмчилгээ болох цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ амжилттай болсон боловч 15 сая вон буюу Монгол мөнгөнд хөрвүүлбэл 30 гаруй сая төгрөг дутсаны улмаас хамгийн гол эмчилгээ болох бөөр шилжүүлэн суулгах хагалгаа нь хойшлогдсон. Хагалгааг яаралтай хийлгэхгүй бол өндөр зардлаар хийгдсэн цусны бүлэг ижилсүүлэх эмчилгээ ямар ч үр дүнгүй болох учир яах учраа олохгүй байна. Харь орны эмнэлгийн дүрэм журам чанга хатуу, мөнгөгүй л бол хэн ч биш болно. М.Уянгын амь нас одоо та бидний гарт байна. Монголчууд бид нэгдэж Монголын сэтгүүл зүйн салбарт үнэний дуу хоолой болж явсан сэтгүүлч М.Уянгын эмчилгээг эхлүүлж чадсан бол одоо өчүүхэн хичээхэд нэгэн сайхан гэр бүлийн амьдралыг аварч бяцхан үрийг ижийтэй  нь үлдээх боломжтой юм” гэсэн мэдээлэл өгөөд байна.

Эмчилгээгээ бүрэн хийлгэхэд 30 сая төгрөг шаардлагатай байгаа сэтгүүлч М.Уянгад үзэг нэгт нөхөр, хүнд шатны бөөрний түүдгэнцрийн үрэвсэл гэсэн оноштойгоор эмчлүүлж буй сэтгүүлч Ж.Жаргалсайхан өөрт нь зориулсан хандивын мөнгөнөөс 5 сая төгрөг хандивлажээ.

Сэтгүүлч Ж.Жаргалсайхан “Хандивт цугласан мөнгөнөөсөө Уянгадаа зориуллаа. Би яахав цаг тулаагүй байна” гээд эрүүл энхийг хүсжээ. Сайхан сэтгэл үргэлж сайн сайханд хөтөлдөг.

Сэтгүүлч Ж.Жаргалсайхан, М.Уянга нарын хандивын аян үргэлжилж байна. Уншигч, үзэгч та бүхнийг хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404