Хурандаа Э.Бөхбат албан тушаалаасаа түдгэлзэх өргөдлөө өгчээ
2019/09/27

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын Э.Бөхбатын эзэмшлийн байранд автомат тоглоомын газар ажиллуулдаг нь илэрсэн билээ. Харин тэрбээр энэ байраа 2017 оноос хойш "мартсан" гэдгээ хэвлэлийнхэнд мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Э.Бөхбат хурандаа тухайн байраа 2017 оны 1-р сарын 1-ний өдрөөс иргэн Б.Гантулгад түрээслүүлээд, түүнээс хойш нэг ч удаа эргээгүй гэнэ. Харин түрээслэгч Б.Гантулга нь 2018 оны 11-р сараас давхар түрээсийн гэрээ хийсэн аж. Ингэж шинээр түрээсэлсэн хүмүүс нь тухайны байранд хууль бус тоглоомын газар ажилуулж байв.

 

Харин энэ хууль бус үйлдлийг хурандаа Э.Бөхбат мэдээгүй. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс тоглоомын газарт хэдэнтээ шалгалт хийж, торгосон ч байрны эзэнд мэдэгдээгүй. Энэ бүхэнд хуулийн байгууллага хариулт өгөх учиртай. Тиймээс хурандаа Э.Бөхбат хуулийн  байгууллага уг асуудлыг шалгаж, үнэн зөвийг тогтоох хүртэл Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч, шалгуулахаар болсноо цахим хуудсаараа мэдэгджээ. 

 

"Би монголын цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр 22 жил зүтгэжээ. Энэ хугацаанд монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдралынхаа ихэнх цаг, залуу насаа зориулсан. Хайртай албаа орхих харамсалтай байгаа хэдий ч би өөрийнхөө гаргасан шийдвэрээ зөв гэж бодож байна. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын босоо цагаан хийморь өөдөө байж иргэд маань аюул осолгүй амар тайван байхыг л би хүснэ" хэмээн бичсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404