Сайжруулсан шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх санал тавилаа
2019/09/26

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал дүгнэлт гаргаж Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий УИХ-ын ажлын баг сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалтын явцтай танилцлаа.  

Энэ оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрсийг ахуйн хэрэглээний зориулалтаар нийслэлд оруулахыг хориглох Засгийн газрын шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Нийслэлийн хгэр хороололд 220.000 айл өрх амьдарч байна. Эдгээр айл өрхүүдийн хэрэгцээг бүрэн хангаж чадахуйц буюу 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үүрэгтэйгээр “Таван толгой түлш” ХХК үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэр хоногт 2150 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд цаашид 8000 тонн түлш нийлүүлэх бололцоо байгааг үйлдвэрийн удирдлага дурдлаа.

“Таван толгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, "Иргэдийн түлшний хэрэглээг хянах "Сайн карт" түгээж байна. Сайжруулсан шахмал түлшийг одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдэд зориулж үйлдвэрлэж байгаа ч  иргэд аймаг, сумд руу ачих эрсдэл бий. Тиймээс картын системийг нэвтрүүлсэн юм" гэв.

Шахмал түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол 50-60 хувь буурна гэсэн дүгнэлтийг БНСУ-ын лаборатори гаргажээ. Герман, Англи зэрэг орны томоохон хотууд агаарын бохирдлоос сэргийлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшийг ахуйн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлсэн байдаг аж. Иргэд нэг шуудай шахмал түлшийг 3750 төгрөгөөр худалдан авч байгаа бөгөөд нэг тоннынх нь үнэ 150 мянган төгрөг байгаа юм. Тиймээс шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлбөл үнийг хямдруулах боломжтой гэдгийг үйлдвэрийн удирдлагууд онцолж байлаа.

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, "Үйлдвэр түлшнийхээ чанарт анхаарахаас гадна иргэдийн санхүүгийн боломжийг тооцож, хямдруулах арга зам сэдэж байгаа нь сайшаалтай. Ажлын баг шаардлагатай тохиолдолд хууль санаачлах, тогтоол зөвлөмж гаргах, Засгийн газарт чиглэл өгөх үүрэгтэй. Засгийн газраас шахмал түлшийг НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийн төсөл УИХ-д өргөн баривал яаралтай хэлэлцүүлэн шийдвэрлэх асуудлыг манай баг хариуцах боломжтой. Ажлын багийн ахлагчийн хувьд үүнд анхаарах болно" гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404