Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ШҮҮМЖЛЭЭД СУУГААД БАЙВАЛ ОЙРЫН 15-20 ЖИЛД ХОТЫН УТАА АРИЛАХГҮЙ
2019/09/25

“Сайн түлш”-ний үйлдвэрлэлийн явц болон нийслэлийн гэр хорооллын айл, өрхүүдэд хэрхэн нийлүүлж байгаатай газар дээр нь танилцах зорилгоор ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ,  нийслэлийн удирдлагуудын хамт өнөөдөр  “Тавантолгой Түлш” ХХК-ийн үйлдвэрт ажиллав.

Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрх, албан байгууллагуудад түүхий нүүрс түлүүлэхгүй байх, хот руу түүхий нүүрс оруулахгүй байх зорилгоор Засгийн газраас 2018 онд 62 дугаар тогтоолыг баталсан. Харин түүхий нүүрсний хэрэглээг орлохуйц, чанарын шаардлага хангасан, иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн шахмал түлшээр хангахаар болсон юм.

Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг түшиглэн “Тавантолгой түлш” компанийг байгуулсан бөгөөд “Сайн түлш”-ний түүхий эд нь Өмнөговь аймгийн Тавантолгой ордын илчлэг өндөртэй коксжсон нүүрс, мидлинг юм. Тавантолгойн бүлэг ордын өндөр илчлэгтэй, угаасан нүүрсийг нэмэлт хольцоор баяжуулан, дөл авалцах хугацааг богиносгон, шаталтыг нь дэмжсэн технологиор боловсруулж, зохист харьцаагаар хэвлэн, хатаасан “сайн” түлшийг үйлдвэрлэн борлуулж эхэлжээ. Хамгийн гол нь түүхий нүүрс шатах үед ялгаруулдаг хорт бодис болон агаарт дэгдэх нарийн ширхэглэгт тоосонцорын хэмжээ хоёр дахин бага байх давуу талтай. Шахмал түлшний найрлагын 96 хувь нь нүүрс, 4 хувь нь барьцалдуулагч бодис аж.

Нийслэлийн гэр хорооллын айл, өрхүүд жилдээ 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Энэ жилээс 600,000 тонн шахмал түлш түлж хэмнэлт хийх боломж бүрдэж буй. Өнөөдрийн байдлаар “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг дүүрэг, хороодод байгаа 350 орчим цэгүүдэд хүргэх ажлыг  эрчимжүүлэн ажиллаж байгааг тус компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар танилцуулсан.

Тус үйлдвэрийн бүхий л шат дамжлагатай Л.Оюун-Эрдэнэ сайд нэг бүрчлэн  танилцсан юм. Үйлдвэрийн ажилтнуудад ЗГ-ын зүгээс болон нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм.  Тэрбээр, “Олон жил яригдсан хотын утааг энэ өвлөөс эхэлж бууруулах ажлыг Засгийн газар санаачлан ажиллаж байна. Харин үйлдвэрийн ажилтнууд, хотын удирдлагууд гардан  гүйцэтгэж байна. Та бүхэнд талархал илэрхийлмээр байна. Хотыг, иргэдийг утаанаас ангижруулахын тулд Та бүхэн өдөр, шөнөгүй сайн, муу хэлүүлэн ажиллаж байгааг хараад бахархаж байна. Утааг бид олон жил улстөржүүлсэн. Одоо ч зориуд мушгин гуйвуулж, энэ олон хүний хөдөлмөрийг харлуулах оролдлого мэр сэр гарч байгаа. Одоо болих хэрэгтэй. Бодитой шүүмжлэлийг бол заавал хүлээж авах ёстой. Утаа бол зөвхөн гэр хорооллынхны зовлон биш болсон. Тоос, шороо ихтэй хүнд орчинд үйл ажиллагаагаа явуулж байгаа хамт олныг өнөөдөр бодитоор нь харлаа. Энэ жил шахмал түлш хэрэглэгчдийн хувьд ч, үйлдвэрийн хувьд ч анхны жил учраас засаж, сайжруулаад цаашаа явахаас өөр аргагүй. Өөр сонголт одоогоор байхгүй. Хотыг тэр чигт нь нүүлгэх боломжгүй. Хийж байгаа нэгнийгээ тал талаас нь шүүмжлэх бол амархан. Гэхдэ ингээд суугаад байвал ойрын 15-20 жилдээ хотын утаанаас нийслэлчүүд салж чадахгүй. Энэ хэвээрээ, харин ч жил бүр нэмэгдсээр байх болно. Тэгэхээр иргэдийн дэмжлэг маш хэрэгтэй. Үйлдвэрийн хувьд чанартаа өдөр тутамд анхаарч, стандарт, горимоо барьж ажиллах, түгээлт, борлуулалтаа боловсронгуй болгож, иргэдийг чирэгдүүлэхгүй, бухимдуулахгүй байхад анхаарах  хэрэгтэй. Иргэдийн хувьд сайжруулсан түлшийг зөв тээвэрлэж, зөв хадгалж, зөв галлаж дэмжих хэрэгтэй байна. Засгийн газрын зүгээс шахмал түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг цаашид бүх талаар  дэмжинэ.” гэсэн юм. 

Одоогоор үйлдвэрт найман шугам ашиглан хоногт 2300-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа бөгөөд 10 сард багтаан нэмж хоёр шугам ашиглалтад оруулж, үйлдвэрлэлийн хоногийн хэмжээг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Үйлдвэр төлөвлөгөөний дагуу 4 ээлжээр 20 цагаар нийт 700 гаруй ажилтан ажиллаж байгаа, одоогоор 165,000 тонн түлш нөөцөлжээ. Цаашид өвлийн хүйтний улиралд уг нөөцдөө тулгуурлан үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж түгээлт, борлуулалтаа жигдрүүлэх аж. Сүүлийн үед шахмал түлштэй холбоотой шүүмжлэл багагүй гарч байгаа учир үүнд гомдол санал бүрт анхаарч, бодитой эсэхэд хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Айл өрхүүдийн хувьд түлшийг хуучин аргаараа асаах гэдгээс болж асахгүй удах, уугих тохиолдол гарч байгаа бөгөөд зарим нь түүнийгээ сошиалаар санаатай болон санамсаргүй байдлаар тарааж буй. Тиймээс үйлдвэрийн зүгээс иргэдийн санал, гомдлыг хүлээж авах дуудлагын утас ажиллуулж байгаа бөгөөд хандсан хүн бүрт очиж мэдээлэл, зөвлөгөө өгч, гэмтэлтэй зуух, янданг нь засварлаж өгч байгаа аж. Энэ мэтчилэн сүүлийн үед олон нийтийн дунд яригдсан шүүмжлэл бүр дээр тус үйлдвэрийнхэн онцгой анхаарч ажиллаж байгаа гэв. 

 Борлуулалт, түгээлтийн хувьд шахмал түлш жижиглэн борлуулах нийт 540 цэгийг нийслэлд ажиллуулахаар төлөвлөсөн байна. Дүүрэг бүрт, гэр хорооллын айлууд дунд олон жил нүүрс борлуулдаг байсан хувь хүмүүс байдаг. Тэд ачааны машин, саравч, агуулах зэрэг шаардлагатай зүйлстэй. Тэдэнтэй хамтран ажиллаж байгаа аж. Тодруулбал, борлуулсан түлшнийх нь 10 хувийг урамшуулал болгох санал тавьсан. Зарим нь зөвшөөрч, зарим нь хэтэрхий бага байна гэдэг шалтгаан хэлж татгалзжээ. Үүнээс гадна сайжруулсан түлш худалдаж авах “Сайн карт”-ыг айл, өрхүүдэд үнэ төлбөргүй өгч эхэлсэн бөгөөд тухайн картын хувьд төлбөрийн хэрэгсэл биш, гагцхүү нэг өрхийн өвлийн турш хэрэглэх 3 тн-ын хэрэглээг хянах цахим хяналтын хэрэгсэл гэдгийг хотын дарга С.Амарсайхан хэлж байв. Иргэд “Сайн карт”-ыг харьяа хороондоо бүртгүүлэн авах боломжтой. Эхний ээлжинд 3 тонн буюу 120 шуудай нүүрс авах эрхтэй. Түлш худалдан авах бүртээ тухайн цэг дээрх худалдагчид байх төхөөрөмжид картаа уншуулан 3 тоннын квотоосоо хасуулах байдлаар хэрэглэнэ.Хэрвээ эрх нь дууссан тохиолдолд “Тавантолгой Түлш” ХХК-д хандаж сэргээлгэн дахин авах боломжтой юм байна. “Сайн карт”-аар түлш борлуулах болсон шалтгаан нь Улаанбаатар хотын гэр хорооллын иргэдэд зориулсан түлш хөдөө орон нутагт борлуулагдаж үнийн хөөрөгдөл үүсэх эрсдлээс сэргийлж байгаа аж. Карт авсан иргэний мэдээлэл нэгдсэн сүлжээ рүү орсны дараа карт идэвхжих бөгөөд хороодоор дамжин өрх бүрт тараагдаж эхэлжээ.

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404