Хятадын мод тарих аян НҮБ-ын дээд шагнал хүртжээ
2019/09/23

 Хятадын цахим төлбөрийн “Alipay” компанийн санаачлан хэрэгжүүлсэн “Шоргоолжин ой” нэртэй мод тарих аян энэ оны “Эх дэлхийн аварга” (Champions of the Earth) шагналыг хүртжээ. Энэхүү шагнал нь НҮБ-аас олгодог байгаль орчны хамгийн өндөр дээд өргөмжлөл юм. Өчигдөр буюу энэ сарын 19-нд Кенийн нийслэл Найроби хотноо болсон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дээд хэмжээний чуулганаар “Alipay” компанийг “хагас тэрбум хүнийг байгаль орчны үйлсэд татан оролцуулж, Хятад орны хамгийн ган гачигтай, хахир хуурай бүс нутгийг моджуулсны учир” сонгон шалгаруулснаа холбогдох албаны хүмүүс онцолсон байна.
“Шоргоолжин ой” төсөл нь мод тарихаас гадна иргэдийн нийтийн тээврээр зорчих, төлбөрөө цахимаар хийх зэрэг үйлсийг дэмжин “ногоон эрчим хүч”-ний оноогоор урамшуулдаг нь мод тарих аяныг үргэлжлүүлэхэд ихээхэн түлхэц болжээ. Мод тарих үйлсэд дээрх энгийн аргаар хувь нэмрээ оруулсан иргэд оноо нь гүйцсэнээс өөрийнх нь нэр дээр ургаж төлжих эхэлсэн модыг хиймэл дагуулын тусламжтайгаар эрж олох ч боломжтой аж. 2016 оны наймдугаар сард үйл ажиллагаагаа эхэлснээс хойш “Шоргоолжин ой” төслийнхөн болон бусад түнш байгууллагууд нь Хятадын ӨМӨЗО болон Ганьсү, Чиньхай, Шаньси зэрэг мужуудад 122 сая гаруй мод тарьж ургуулаад байна. 
2005 оноос эхтэй “Эх дэлхийн аварга” шагнал нь жил бүр таван төрөлд ялагч тодруулдаг бөгөөд энэ оны шагналтнууд энэ сарын 26-ны өдөр Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн 74 дүгээр их чуулганы үеэр шагналаа гардах аж.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404