Шадар сайд НҮБ-ын улс төрийн өндөр түвшний уулзалтад оролцож байна
2018/07/18

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин энэ сарын 16-18-нд Нью-Йорк хотноо НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад оролцож байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин чуулга уулзалтын Ерөнхий санал шүүмжлэлд өчигдөр (2018.07.16) оролцож үг хэлэв. Тэрбээр “Монгол бол үндэсний тогтвортой хөгжлийн зорилгоо эрт тодорхойлсон улсын нэг” хэмээгээд, 2016 оны хоёрдугаар сард “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг баталж, Засгийн газраас энэхүү үзэл баримтлалыг ажил хэрэг болгохын тулд тодорхой бодлого, төлөвлөгөө, төсөл боловсруулах чухал алхмуудыг хийж байгааг танилцууллаа. Шадар сайд Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хүчин чармайлт тавин ажиллаж буйг танилцуулсны зэрэгцээ Гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаарх Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлыг энэ оны 7 дугаар сарын 3-6-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсныг тэмдэглэв. Бага хурлаас “Сэндайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг Азийн бүс нутагт хэрэгжүүлэх 2018-2020 оны төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” баталсныг Шадар сайд Ө.Энхтүвшин онцоллоо.

Мөн манай улсын санаачилга болох далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төв байгуулах олон талт хэлэлцээр 2017 оны аравдугаар сарын 6-нд хүчин төгөлдөр болж, Улаанбаатарт төвтэй олон улсын анхны байгууллага өнгөрсөн сард нээлтээ хийснийг тэмдэглэв.

Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтаар “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-ийн хэрэгжилт, ололт амжилт, сорилт бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцдэг бөгөөд энэ удаагийн чуулга уулзалтаар эрчим хүч, ус, цөлжилт, гамшгийн эрсдэл, хот байгуулалтын талаарх тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг тусгайлан хэлэлцэж, сайд нарын тунхаглалыг батлах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404