МАХН-ын дарга Н.Энхбаяр: УИХ хугацаанаасаа өмнө тарах нь зүйтэй
2019/09/19

МАХН-ын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ

Тус шаардлагад “Монгол Улсын Үндсэн хууль, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль зөрчиж, төрийн эргэлт хийх замаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхээр улайрч байгаа УИХ-ын гишүүд ард түмнийхээ итгэл найдварыг хөсөрдүүлж, 60 тэрбумын гэх хэрэгт холбогдсон УИХ-ын 49 гишүүн албан тушаалаа урвуулан ашиглаж ЖДҮХС-гаас бага хүүтэй зээл авсан. Мөн хүчин, концесс, тендер, хүн амины хэрэгт нэр холбогдсон тул өнөөгийн УИХ цаашид ажиллах ёс зүйн эрхгүй мөн хууль зүйн чадамжгүй гэж Монголын ард түмэн үзэж байна. Иймд МАХН-ын Гүйцэтгэх товчоо нийгмийн захиалгын дагуу УИХ хугацаанаасаа өмнө тарах нь зүйтэй гэж үзэж тарах шаардлага тавьж байна гэжээ.

Тус шаардлагатай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр:

Өнөөгийн улс төр ажиллах чадамжгүй гэдгийг бид өмнө нь хэдэнтээ хэлж байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам УИХ ажиллах чадамжгүй гэдгээ баталж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт анхнаасаа хууль бус байсан. Хууль бус зүйлээсээ өөрсдөө бултахын тулд ард түмнээс асуух нэрийдлээр ард түмнийг хам хэрэгтэн болгох гэж байгааг манай нам эсэргүүцэж байна. Ийм УИХ тарсан нь дээр. Өөрсдөд нь хохиролтой гэж үзсэн, харин ард түмэнд хэрэгтэй асуудлуудыг хэлэлцэхээс айсандаа эх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг барьж авсан. Яагаад гэвэл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсэн бол өөр асуудал хэлэлцдэггүй журамтай. УИХ-ын үйл ажиллагаа бүхэлдээ ард түмний ашиг сонирхлын эсрэг, хууль зөрчсөн, ёс зүйгүй ажиллагаа болж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ыг тараахаар хөөцөлдөж байгаа юм билээ. Үүний цаана үнэхээр шударга ёсыг тогтоох гэсэн сонирхол байна уу эсвэл луйвар булхайгаа нуун дарагдуулах гэсэн арчаагүй оролдлого байна уу гэдэг нь эргэлзээтэй" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404