Хүнийг уснаас хуурай гарч ирэхэд тусалж буй хөөн хэлэлцэх хугацаа өөрчлөгдөх нь
2019/09/18

Хууль зүйн сайд Ц.Нямдорж Эрүүгийн багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд болон Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ. 

Түүний өргөн барьсан хуулиудын нэг болох Эрүүгийн хуульд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тооцох асуудлыг өөрчлөн тусгасан байна. Тодруулбал, өмнө нь эрүүгийн хэргийг шалгаж эхэлснээр хөөн хэлэлцэх хугацааг зогсоодог байсан. Харин одоогийн хуулиар хэргийг шалгаж байх явцад ч хөөн хэлэлцэх хугацаа тоологдсоор байгаа юм. 

Тэгвэл Ц.Нямдорж сайдын өргөн барьсан хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааг өмнөх байдлаар нь өөрчлөхөөр тусгажээ.  Одоогийн мөрдөж буй хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр гэмт этгээдүүдэд ял завших боломж олгож байна гэдэг шүүмжлэл гарсаар байгаа. Ялангуяа авлига, албан тушаалын хэргүүд энэ шүүмжлэлийн гол бай болдог. Албан тушаалтнуудын холбогдсон хэргүүдийг удаан хугацаанд шалгаж, шүүхийн шатнаас мөрдөн байцаалтад буцаах хооронд хөөн хэлэлцэх хугацаа тоологдсоор анхан шатны шүүхийн шийдвэр гарахын өмнөхөн энэ хугацаа дуусч, хэрэгсэхгүй болгосон олон жишээ бий. 

Ямартай ч авлига албан тушаалын хэрэгт холбогдсон цөөнгүй хүнийг уснаас хуурай гарч ирэхэд тусалж буй хөөн хэлэлцэх хугацаа өөрчлөгдөх нь. Харин Ш.Батхүү хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулж ял шийтгэлгүй үлдэх үү, үгүй юу гэдгийг харах л үлдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404