ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
2019/09/18

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний  IX ээлжийн мотобуудлагын батальон ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтаа хангаж дуусаад өдгөө газар орныг зориход бэлэн боллоо. Хурандаа Д.Баттүвшин захирагчтай тус батальоны монгол цэргийн оройн дээд Жанжин тугандаа хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд  Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат тэргүүтэй БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, ХХЕГ, ТЕГ, Дотоодын цэргийн штаб  зэрэг байгууллагын удирдлагууд, энхийг сахиулагчдын ар гэрийн төлөөлөл оролцсон юм. БНӨСУ дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальон 2012 оноос эхлэн үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд энэ цаг үед гэхэд хурандаа Д.Жавхланбаяр захирагчтай наймдугаар ээлжийн мотобуудлагын батальон ажиллагааны газар оронд үүргээ амжилттай гүйцэтгэсээр байгаа юм. Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж энхийг сахиулагчдад хандаж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ зэрэгцээ даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон ард түмнээ төлөөлөн оролцож Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өргөн мандуулж,  Зэвсэгт хүчнийхээ түүхийн хуудсыг улам бүр баяжуулсаар байна. Газар зүй, байгаль цаг уурын ямар ч хүнд нөхцөлд манай цэргийн алба хаагчид нэгдмэл санаа зорилго, чанд сахилга баттай байж, үүрэг гүйцэтгэлтээрээ гайхагдаж байгаад салбарын дэд сайд хувьд маш их баяртай байдгаа энэ дашрамд хэлье. Бусад орны цэргийн алба хаагчдад мэргэжил, ур чадвараараа хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болж байгаа энэ сайхан замналыг та бүхэн нэр төртэй авч явна гэдэгт итгэлтэй байна. Эх орныхоо захиас даалгаврыг биелүүлэхээр хөлгийн жолоо залах гэж байгаа  хүүгийнхээ, ханийнхаа, аав ээжийнхээ бат найдвартай ар тал болсон ар гэрийнхэнд нь чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэсэн юм.

 Дашрамд онцлоход, ажиллагааны газар орныг зорих гэж байгаа тус батальоны 40 гаруй хувь өмнө нь үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай.  Багийн захирагч, хурандаа Д.Баттүвшин Зэвсэгт хүчний шилдэг офицеруудын нэг бөгөөд тэрээр энхийг дэмжих ажиллагаанд дөрвөн удаа үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай ажээ. Энхийг сахиулагчид удахгүй ажиллагааны газар орныг зорино.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404