УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар АТГ-т хандлаа
2019/09/16

Хуульч Д.Хишигбаяр болон  н.Бямбадорж нар  УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг шалгуулахаар АТГ-т хандлаа.  Хуульчид бид нийгмийн шударга ёсны хэмжүүр байх ёстой гэж ойлгодог. Тэр ч утгаараа бид дараах асуудлаар АТГ-т хандаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд “Монполимет” компани  10 гаруй тэрбум төгрөгийн зээлээ Монголбанкаар төлүүлсэн тухай асуудал их яригдлаа. Монгол банкны эрх бүхий албан тушаалтнууд албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж “Монполимет” компанид давуу байдал олгож,  их хэмжээний мөнгө ашиглах боломж олгосон гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тийм учраас энэ асуудлаар АТГ-т хандаж байна гэв.

Хэрэг явдлыг тодруулбал,  Монполимет компани 2003 оны хоёрдугаар сарын 28, мөн 2005 оны нэгдүгээр сарын 01, үргэлжлүүлээд  2006 оны нэгдүгээр сарын 01-ний өдрүүдэд Монголбанктай арилжааны Ерөнхий гэрээ байгуулсан байдаг. Ингээд 2007 онд Монголбанкны  Ерөнхийлөгчийн тушаал гарч  алт олборлогч компаниудтай байгуулсан арилжааны гэрээг  дуусгавар болгожээ. Харин 2006 оны 12 дугаар сарын 31-ны өдөр “Монполимет” компанитай  байгуулсан арилжааны гэрээгээ дүгнэж тооцоо нийлж, гэрээг цааш сунгасан байна.

Харамсалтай нь  "Монполимет" компани нь Монголбанкинд  буюу Монголын төрд төлөх ёстой 10,6 тэрбум төгрөгөө төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна.  Иймээс Монголбанк Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. 2016 онд энэ нэхэмжлэлтэй холбоотойгоор Монполимет компаниас  шүүхэд тайлбар ирүүлсэн бөгөөд энэ  тайлбартаа  хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас  Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-ын 2.1-д зааснаар  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны зургадугаар сарын 30-ны өдрийн 230 тоот шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ шийдвэртээ хэргийг хэрэгсэхгүй болгох Монполимет компанийн хүсэлтийг хангаж өгчээ. Өөрөөр хэлбэл, энэ өдрөөс Монголын төрд төлөх ёстой байсан 10,6 тэрбум төгрөгийг төлөхгүй байх шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн.

Иргэний хэргийг хянан шийдвэрлэх хуулиараа давж заалдах эрх нь нээлттэй байдаг. Гэтэл Монголбанк  энэ эрхээ хэрэгжүүлж давж заалдаагүй.  Хоёрдугаарт хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь  Монголбанкны  эрх бүхий албан тушаалтнууд авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгуулахаар АТГ-т гомдол гаргаж, энэ 10,6 тэрбум төгрөгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын хамаарал бүхий компани  “Монполимет”-ээр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаагаа хуульчид мэдэгдлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404