Макет тойрсон яриа буюу Монгол төрийн үнэн төрх
2019/09/16

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд авууштай чанар байна. Болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг манай, танай нам гэлтгүй л ил цагаан хэлж, зад шүүмжлэх юм. Уншигч та санаж л байгаа байх. Намынхаа талаар үг дуугарч, дотоод асуудлаа ил гаргаж, цэгцэлж, цэвэрлэхийн төлөө зоригтой дуугарч байсан Ерөнхий сайд байдаг билүү.

Өнгөрөгч баасан гаригт Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн барилгын загварыг үзэж танилцаад, дараа нь маш их бухимдан ажлаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг зайгаа тавьж өгөхийг үүрэг болголоо.

“Монголын хөгжлийн түүхэнд гай бологсод” буюу суудал бөглөгсөд

2018 оны 11-р сараас Үндэсний урлагийн их театр, Байгалийн түүхийн музей, Чингис хааны музейн асуудлыг хөндөн соёл урлагийн салбарын байраа шинэчлэх тухай У.Хүрэлсүх ярьж байсныг тодхон санаж байна. Хөрөнгө мөнгө, маргаантай газрыг нь шийдсэн атал 10 сар өнгөрөөд байхад өнөөдөр талх, бяслагны хэлбэртэй хэмээн түмний элэг доог болоод буй макетархуу зүйл хийснээс өөр хийсэн ажилгүй байгааг олон нийтэд дэлгэлээ.

Макет бүтээн байгуулалтанд ямар ч хамаагүй гэх хүн байх ч энэ бол чухал. Зураг, макет бол барилгын суурь нь юм.

Монгол Улсын Соёл урлагийн салбарын бодлогыг тодорхойлж буй БСШУЯ-ныхан үнэхээр шаардлагатай байгаа Үндэсний их театрын шинэ байрны ажилдаа ийм хайнга хандаж буй нь байж боломгүй хэрэг юм.

БСШУ-ны дэд сайд Г.Ганбаяр маргааш ийм хурал болох нь гэж дуулаад санд мэнд тийм зүйл хийсэн байх гэсэн сэтгэгдлүүд нийгмийн сүлжээгээр дүүрэн байна. Ажилдаа ийм хайнга хандчихаад Ерөнхий сайдын өмнөөс тайлбар тавьж, Үндэсний урлагийн их театрын дарга гэх Г.Цоггэрэл өөр зүйл ярин, анхаарах ч үгүй сууж байгаа нь юутай харамсалтай.

Ерөнхий сайдын хэлсэн үгэн дунд загатнасан газар маажих шиг үнэн үг хэд хэд байсан. “Та нар шиг юмнууд байгаа учир төрийн ажил явахгүй байна. Чадалтай, гадаадад сургууль төгссөн залуус төрдөө ажиллая гээд цаана чинь зөндөө байна. Алхам тутамдаа ашиг хонжоо, танил тал гэдгээ болих цаг болоогүй юу” гэсэн.

Үнэн хийгээд үйлдэл дээрээ танил талгүй бол ажлын байр огт олдоггүй өнөөгийн нөхцөл байдлыг Ерөнхий сайд мэддэг ч олон нийтийн өмнө хэлсэн нь энэ. Тиймээ төрдөө ажиллахсан, түмэн олноо сайн сайхан байлгахсан гэсэн хүсэл тэмүүлэлтэй олон зуун залуус байна. Гэтэл нам дагасан цүнх баригч нар залуу үеийн хүсэл тэмүүллийг мохоож, өөртөө л ашигтай, халаасыг нь түнтийлгэх танилаа сонгодог нь Монгол төрийн үнэн төрх юм.

image

Дэд сайд Г.Ганбаярын хийлгэсэн макетнаас ч дор зүйл хийх, үзэл санаа нь төлөвшөөгүй, үгийн зөрүүгүй мөнгө ярьдаг хүмүүсийг үтэр түргэн явуулах шаардлагатай байна.

Ах нь чадварлаг дүүгээрээ бахархан гадаадад сургууль төгссөн дүүгийнхээ хийсэн зүйлийг нийгмийн сүлжээнд оруулжээ.

 

Түүний хийсэн макетууд

image

 

image

Энэ мэт олон залуус байгаа, тэд эх орныхоо төлө их зүйл хийх хүсэл тэмүүлэлтэй байгаагаа бичсээр байна.

Монголчуудын хамгийн сайн мэдэх Большой театрын макетыг Үндэсний их театрын макеттай харьцуулаад үзье.

image

ОХУ-Большой театрын макет

image

Монгол Улс-Үндэсний их театрын макет

Макетийн асуудал бол бүтэлгүй яваа төрийн ажлын нэгээхэн хэсэг нь. Ерөнхий сайдын хэлсэнчлэн төрд хэрхэн шургалсан нь тодорхой бус, хаана, хэзээ ажиллаж байсан “гарал үүсэл” нь тодорхойгүй нөхдийн арми төрийн албанд олон зуун мянгаараа байна.

Манай редакцид болсон нэгэн үйл явдлыг жишээ татан өгүүье. Таван толгойн утаагүй түлшний талаар бодит байдал дээрээс сурвалжлага гаргасан даруй хэвлэлийн бага хурал хийж, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах ажилтан гэх нэг нөхөр сэтгүүлч чинь хаана байна, та нар яг очиж үзсэн юм уу хэмээн редакцид ирээд ханхалзав. Таван үгэндээ танигдана гэгч болсон. Сэтгүүлч хүн очоогүй байж зохиож бичих боломжгүй, тухайн нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг хаана, хэзээ очсоныг бэлхнээ гэрчилдэг. Тухайн түлшийг хэвлэл мэдээлэл олон нийтэд танилцуулах үүрэг бүхий тэр эрхэм очоогүй, үзээгүй байж ажил хийсэн, шалгасан болж мэдээлэл дамжуулдаг гэдгээ өөрийн үгээр гэрчлээд өгөх шиг.

Нийслэл утаагүй байвал нэг дээвэр дор амьдарч буй бид л эрүүл саруул, аз жаргалтйа байх учир Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ ажлыг гутаах санаа зорилго огт байхгүй. Гагцхүү хүйтрэхээс өмнө байдал ямар байгааг сурвалжилж, иргэдийн байр суурийг төрийн түшээдэд хүргэн, алдаа оноотой зүйлээ үнэн бодитоор хараасай гэсэн редакцийн бодлогоор хийсэн ажил юм.

Энэ мэт зүй бус төлөвшилтэй хүмүүсийн тухай өгүүлсний учир нь энэ мэт бодолтой, эрээ цээргүй хүмүүстөрл шургалсан учир Монголын төр түмний шившиг, гутамшиг болж байгааг зориуд хэлмээр байна.

Нийтийн эрх ашгийг уландаа гишгэсэн нам дагасан цүнх баригчдаасаа салах цаг олон жилийн өмнө өнгөрсөн гэдгийг дахин дахин хэлье У.Хүрэлсүх сайд аа.

Эх сурвалж: Medee.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404