MУ Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө зөвлөлийн санаачлагаар Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нээлтээ хийлээ
2019/09/16

Монгол Улсын Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлж буй хүүхэд хамгааллын чиглэлээр санаачлан хэрэгжүүлсэн нэг бүтээлч ажил бол хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ юм. Тус явуулын үйлчилгээ нь гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлд нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.

Хүүхэд хамгааллын үйлчилгээ өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийж байна. Энэхүү автобустай үйлчилгээг мэргэжлийн баг хөдөлгөөнт хэлбэрээр газар дээр нь шуурхай үзүүлэх, зөвлөн туслах бөгөөд Улаанбаатар хотод төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм.

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ нь хүүхэд, иргэд, олон нийтийг хүүхэд хамгааллын талаар мэдлэгжүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх хандлага төлөвшүүлэх, зөрчил мэдээллийг хүлээн авч, газар дээр нь шуурхай шийдвэрлэх, хуулиар хүүхдийн эрхийг хангах үүрэг хүлээгчдийг ажлын байранд нь чадавхжуулах, зөвлөн туслах, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих, хүүхдийг эрсдэлд нөхцөлд оруулж болзошгүй орчны аюулгүй байдалд хяналт тавих зэрэг үйл ажиллагааг газар дээр нь очиж, түргэн шуурхай шийдвэрлэх төрийн үйлчилгээний нэг хэсэг юм.

Хүүхэд хамгааллын нэртэй энэхүү автобус хаана очиж зогсоно, тэр газар “хүүхэд хамгааллын цэг” болно. Автобус дотор хүүхэд өсвөр үеийнхэн, эцэг эхчүүд, залуу хосуудад тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөх самбар, ном, гарын авлага, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх өрөө тасалгаа, хүүхэд хамгааллын зөрчлийг даруй бүртгэж, нэгдсэн системд оруулах эрсдэлийн программ, тоглоомын булан, номын сан гээд олон зүйл бий. Эцэг эхчүүд, хүүхдүүд, гэр бүл, хүүхдийн эрх хамгаалал, нөхөн үржихүйн асуудал, нийгэмд тулгамдаж буй сөрөг үзэгдлүүдийг сайн сайхан замд орох учир шалтгаан, танин мэдэхүйн шинжтэй сургалт, мэдээллүүдийг явуулын үйлчилгээнээс авч болно.

Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ үзүүлэх юм.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404