Хан-Уул дүүргийн улаан хаяг, гадна гэрэлтүүлэг 7 сая төгрөгөөр “босчээ”
2018/02/13

Хан-Уул дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны дээд хаяг цэнхэр өнгөө улаанаар “сольсон” нь иргэдийн дургүйцлийг хүргээд байна.

Ардчилсан Намын үед цэнхэр, Монгол Ардын нам засагт гарвал улаан өнгөтэй болох нь эдийн засаг хүндэрсэн энэ үед битгий хэл боломжтой бололцоотой байсан ч тохиромжгүй шийдвэр гэдгийг иргэд хэлж байгаа юм.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ: ХАЯГ СОЛИХОД ЯМАР Ч ЗАРДАЛ ГАРААГҮЙ

Эрх баригч намын бэлгэдэл улаан өнгөтэй болсон Хан-Уул дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны дээр байрлах хаяг хичнээн төгрөгийн зардлаар “боссон” талаар хамгийн түрүүнд Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа, хамтын ажиллагааны албатай холбогдлоо.

Тухайн дүүргийн хийж хэрэгжүүлж буй ажлуудыг олон нийтэд хүргэх үүрэгтэй ажилладаг тус албаныхан харин энэ талаар тодорхой мэдээлэлгүй байв.

Энэ асуудлын талаар холбогдох албан тушаалтнууд хуралдаж байгаа бөгөөд эргээд хариу мэдэгдье гэсээр утсаа тасалсан юм. Харин эргэж холбогдоход “Өнгө үзэмж нь муудсан байсан тул хаягийг сольсон. Ямар нэгэн зардал гараагүй. Нийтдээ 46 үсгийг сольсон” гэх мэдээллийг өгөв. Харин ямар компани энэ ажлыг хэдий хугацаанд гүйцэтгэсэн, хаягийн үсгийн өндөр, өргөний талаар мэдэхгүй гэсэн юм.

Ямар нэг зардал гараагүй гэхээр баталгаат хугацааны засвар байж болох талтай. Гэтэл тус барилга 2014 оны гуравдугаар сарын 26-ны ашиглалтад орсон. Тэгэхээр бүтэн хоёр жил хагасын дараа гүйцэтгэгч компани үнэ хөлсгүйгээр гэрэлтдэг үсгэн хаягаа сольж өгөх магадлал тун бага.

НОГООНООР ХИЙХ САНАЛ ГАРГАСАН Ч ҮЗЭМЖИЙГ НЬ БОДООД УЛААН БОЛГОСОН

Тиймээс тус барилгын ашиглалтыг хариуцдаг Хан-Уул дүүргийн “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ-ын дарга Ш.Батнасангаас энэ талаар тодрууллаа.

 

-Хан-Уул дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны дээр байрлах хаягийг сольсон байна лээ. Энэ ажлыг ямар компани, хичнээн төгрөгийн зардлаар хийсэн юм бол?
-Манай байгууллага энэ байрны ашиглалт, цахилгаан, дулаан, арчлалт зэрэг бүх асуудлыг хариуцдаг. Бид өөрсдийн нөхцөл бололцоог ашиглаж хаягаа өөрсдөө сольсон. Материал, ажилчдын илүү цагийн цалинтай нийлээд 7 сая төгрөг болсон.

-Хаяг солих шаардлага байсан юм уу. Энэ барилга хоёр жилийн өмнө л ашиглалтад орж, шинэ хаягтай болсон шүү дээ.
-Хуучин хаягийн гэрэл нь асахаа байчихсан. Мэргэжлийн үүднээс яривал хоёр гэрлийн дунд нэг трансформатор байх ёстой байтал зургаан гэрлийн дунд нэгийг тавьсан байсан. Энэ нь ачааллаа дийлэхгүй ойр ойрхон шатдаг. Ингээд шатсаныг янзлуулахын тулд заавал кран дуудах шаардлагатай. Манай байрны өндөр 37 метр. Нэг үсэг янзлахын тулд краны мөнгө нь 2-3 сая төгрөг. Тиймээс л хаягийг шинэчлэх шаардлагатай болсон.

Өмнө нь Алтан алим гээд компани хаягжуулалтыг хийсэн гэсэн. Тухайн компаниас засвар үйлчилгээний санал авахад 15 сая төгрөгөөр гүйцэтгэх боломжтойгоо хэлсэн. Тиймээс төсөв мөнгөний бололцоо багатай учраас бид өөрсдөө засварлахаар болсон.

Зөвхөн дээд талын хаяг бус өөр зөндөө ажил хийсэн. Дотор гэрэлтүүлэг, гадна пассадны гэрэлтүүлэг, гадна хаяг зэргийг засварласэн. Өмнө нь хуулгаар хийсэн хаягжуулалтыг 40 саяар гүйцэтгэсэн юм билээ. Байгууллага үүднээсээ байдаг. Өмнө нь үсэг нь унасан, хугарсан гээд муудсан байсан юм. Тиймээс л солих шаардлагатай болсон.

-Танайд гэрэлтдэг үсэг хийх боломж байдаг юм уу. Тусгай төхөөрөмжөөр хийх ёстой биш үү?
-Өмнөх хаягийг нь хуулж аваад шинээр хийсэн юм биш. Хуучин хэвэн дээр нь хуулга хийж, хагарсан хэсгийг нь тор тавьж, эвлүүлж бүтэн үсэгтэй болгосон. Мөн гэрэл чимэглэлийг стандартын дагуу хүчин чадалд нь тааруулсан.

-Яагаад заавал улаан өнгөөр шинэчилчихэв ээ. Муудсан хаягийг сольж болох ч өнгө солигдсон хүмүүсийн анхаарлыг татаад байна шүү дээ.
-Байгууллагын гэрэлтүүлгийг солих албан бичгийг би өгсөн. Үүний дараа үнийн санал судлах талаар даалгавар ирсэн тул би үнийн санал судалсан. Дүүргийн тамгын газарт танай намын хөтөлбөрт Хан-Уул дүүргийг эко, ногоон бүс болгоно гэсэн байна. Тиймээс муудсан хаягыг сэргээн засварлахдаа ногоон өнгөтэй болгоё гэж санал тавьсан. Үүнийг хэлэлцээд үзэмж талыг нь хараад цагаан хүрээтэй улаан өнгөөр тохирсон. Хөх байсан гэрэлтүүлэг улаан болсныг л хүмүүс яриад байна. Төр засаг солигдсонтой холбоотойгоор цаг үе нь ингээд таарчих шиг боллоо хэмээн тэрбээр ярьсан юм.

Хаяг шинэчлэх ажлыг энэ сарын 9-нөөс гурав хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Хан-Уул дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны ард болон урд байрлах хаягт нийт 33 том, 33 жижиг үсэг, монгол бичгийн хамт нийт 80 гаруй үсгийн өнгө үзэмжийг сайжруулж, гэрэлтүүлгийг шийдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404