Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дайруулах боломжийг судлах даалгаварыг В.Путин өглөө
2019/09/10

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Ямалын хойгоос Хятадын зах зээлд хүрэх хийн хоолойг Монгол улсын газар нутгаар дайруулах боломжийг судлах даалгаварыг өчигдөр өглөө.

 

Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллерийг хүлээн авч уулзахдаа тэр ийм даалгавар өгсөн байна.

Баруун чиглэлээр хий дамжуулахын тулд Ямал, Красноярск, Эрхүүгийн бүс нутгуудын байгалийн хийн нөөцийг шалгаж, судлах ёстойг Путин энэ үеэр хэлсэн байна.

Тэрээр бас энэхүү чиглэлээр хий дамжуулах ажил амаргүй боловч хэрэгжих боломжтой гэж үзэж байгаагаа Миллерт хэлжээ.

Уулзалтын үеэр Миллер “Сибирийн хүч” хоолойгоор арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн Хятадын зах зээлд байгалийн хий нийлүүлэхэд бэлэн болоод байгаагаа Путинд танилцуулсан байна.

“Энэ бол түүхэн үйл явдал. Учир нь уг хоолой дэлхийн хамгийн том хий экспортлогчийг дэлхийн хамгийн том хий импортлогчтой холбож байгаа юм” гэж Миллер тайлбарлажээ.

Тэрээр ирэх 30 жилийн хугацаанд Хятад улс энэ хоолойгоор нэг их наяд шоо метр хий хүлээж авах тооцоотойг хэлсэн байна.

Одоогоор Москва, Бээжингийн талууд өөр чиглэлээр Хятадын зах зээлд хий нийлүүлэх боломжуудыг судалж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд Путины санал болгосон баруун чиглэл болон Сахалинаас нийлүүлэх Алс Дорнодын чиглэлийг судалж үзэхээ Миллер амлажээ.

 

Эх сурвалж: ТАСС

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404