Ц.Нямдорж: ЗГ-ыг огцруулах тухай асуудал огт яригдаагүй
2019/09/05

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон цагийн үеийн асуудлуудаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржоос сэтгүүлчид тодруулга авсан юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эрх баригч нам олонхиороо хүч түрэн шийдэх гэж байх гэх шүүмжлэл их байна. Та үүнийг юу гэж үзэж байна вэ?
-Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг нэг намын хүчээр хийдэг ажил биш ээ. Зөвшилцлийн үндсэн дээр явагддаг ажил. Энэ ажилд УИХ-д  суудалтай АН-ын оролцоо гарцаагүй байх ёстой. Ерөнхийлөгчтэй ойлголцох асуудал мөн гарцаагүй. Энэ ойлголцлоо олон нийтэд хүргэх нь ч гарцаагүй. Би Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ талаас нь харж, энэ байр сууриа илэрхийлж байгаа. 1999 оны дордуулсан долоон өөрчлөлтийг Ерөнхийлөгч эсэргүүцэж байхад хийсэн юм.

Гэхдээ АН, МАН, Социал демократ нам гэсэн улс төрийн гурван хүчин ийм өөрчлөлт оруулах улс төрийн нөхцөл үүссэн гэж үзсэн учир шууд 76 гишүүний саналаар хийсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах улс төрийн нөхцөл тийм амар бүрддэг асуудал биш. Өнөөгийн өөрчлөлтийг зөвшилцлийн замаар явж байна гэж үзэж байгаа. Зөвшилцөж чадахгүй бол энэ өөрчлөлт батлагдахгүй. Батлагдсан ч хэл ам тасрахгүй. Энэ өөрчлөлт бол нэг хүний дарангуйлал тогтохоос сэргийлсэн алхам байсан. Тэр долоон өөрчлөлтийг оруулсан тулд өнөөдөр дарангуйллын биш замаар явж байгаа юм. УИХ дээрээ асуудлаа зохицуулаад явж байгаа санаатай юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр дэмжигдээгүй асуудлуудыг одоо яах вэ?
-УИХ-ын бүрэн эрхийг хугацааг 5 жил болгох, УИХ 99 гишүүнтэй байх зэрэг заалтуудыг бүлгийн хурлаараа хэлэлцээд, бүлгийн шийдвэрээ хэрэгжүүлэх талаар ажиллах байх. Ийм зорилгоор чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан.

-Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа ЗГ-ын хуулийн төслийн талаар Та ямар байр суурьтай байна вэ?
-Хөөн хэлэлцэх хугацаа богиносоогүй, уртассан. Хуульд “Хэрэг гарсан өдрөөс яллагдагчаар татах өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэж байсныг “Шүүхэд шилжих өдөр хүртэл” гэж хөөн хэлэлцэх хугацааг уртасгасан. Яллагдагчаар татна гэдэг заавал урд нь хийгддэг ажил. Яллагдагчаар татсаны дараа хэрэг шүүхэд очно. Тэр нь хамгийн багаар бодоход 2 сар болдог. Зүгээр шүүх, хуулийн байгууллагын түвшинд хийж байгаа луйвраа хаацайлахын тулд, магадгүй зарим хэргийг хаахын тулд улс төрийн ийм өдөөн хатгалга хийгдэж байна. Хөөн хэлэлцэх хугацааны талаар хуульд өөрчлөлт оруулах арга нь хууль бус.

Засгийн газрыг огцруулах тухай асуудал огт яригдаагүй.

Тэр үед Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулна гэсэн Засгийн газрын санал ирээгүй байсан. Хууль зүйн байнгийн хороонд дээд шүүхийн шүүгчид санал гаргаж, тэр саналыг хураалгахад олонхийн санал аваад явсан хуулийн зөрчилтэй. Тэр зөрчлийг арилгуулах саналаа ХЗДХЯ Засгийн газарт оруулж, ЗГ УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Хэрэв хөөн хэлэлцэх хугацаа гэх зүйлээр хэрэг хаах гэж байгаа бол энэ нь хуультай холбоотой асуудал биш, авлига албан тушаал, танил тал харсан луйвар шүү. Би энэ асуудлыг ЗГ-ын хуралдаан, УИХ-д ярьсан.

-Намын дотоод зөрчлөөс болоод Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж эхэлсэн тухай мэдээлэл байна?
-Засгийн газрыг огцруулах тухай асуудал огт яригдаагүй. Нам дотор асуудал үүссэн нь үнэн, асуудал шийдэгдсэн нь үнэн. Тэгэхээс өөр арга байгаагүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэгт Номтойбаяраас бусад гишүүн ороод явж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404