Н.Лүндэндорж: Шүүхээс хэргийг прокурорт буцаах нь ял завших боломж олгож байх магадлал өндөр
2019/09/05

Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд холбогдох хэрэг шүүхэд очсон ч прокурорт буцах тохиолдол их байдаг. Хамгийн сүүлд л гэхэд, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан билээ. Эл хэргийн талаар олон нийтийн сүлжээнд иргэд янз бүрийн таамаг, байр суурийг илэрхийлээд байгаа юм.

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж ч байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Шүүхээс хэргийг прокурорт буцаах нь буруу юм. Учир нь, гэмт хэрэгтэнд ял завших, хэргийг замхруулах боломжийг олгож байх магадлал өндөр. Эрдэмтэд, шүүх судлаачид энэ талаар хоёр үндэслэл хэлдэг. Нэгдүгээрт, прокурорын авч ирсэн хэргийг шүүгч шийдэхгүй буцааж байгаа нь хэргийг бүдгэрүүлээд ир, би энэ хүнд ял завших боломж олгоё гэж захиалга өгч байна гэж дүгнэж үзэж болдог. Эсвэл хэрэг дээр ийм ийм шинэ баримтуудыг ямар нэг аргаар олоод ир, би яллаад өгье гэж ялын захиалгаа шүүгч өгч байна гэж үзэж ч болох учраас буцааж болдоггүй юм. Хоёрдугаарт, шүүх хэрэг маргааныг цугларсан нотлох баримтын хэмжээнд шийдэх үүрэгтэй байдаг. Прокурорын, цагдаагийн дутууг гүйцээх үүрэг шүүхэд байдаггүй. Гэтэл Монголын шүүгч нар тэдний алдаа дутагдлыг залруулах их сонирхолтой байдаг шиг байгаа юм. Энэ буруу, би тэрийг нь л гайхаад байдаг юм" хэмээн байр сууриа илэрхийллээ.

 
 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404