Монголчууд “гал”-тайгаа үлдэх үү
2018/07/16

Манай улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангаж, Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцуудын нүүрсийг 100 хувь нийлүүлж, Улаанбаатарыг 40 жил гэрэл, дулаанаар таслахгүй явж ирсэн Багануурын уурхай минь  олигархиудын гарт очих нь ээ.

 

Багануурын уурхайгаа авч үлдэх үү, “Алтайн гянт”-д өгөх үү гэдгийг  ирэх Пүрэв гаригт шийдэх гэж байна.   Анх 2006 онд ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчиж, хуурамч материал бүрдүүлэн  Багануурын уурхайн хүрэн нүүрсний орд газрыг хууль бусаар авсан “Алтай гоулд” компани хайгуулын нэг ч өрөмдлөг хийгээгүй, хайгуулын ажлын тайлангүй хэр нь ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргуулан авч  “Алтайн гянт” компанид  тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн байдаг.  

Бүтэн 6 жилийн турш  Багануур ХК  хууль бус шийдвэрийн эсрэг тасралтгүй гомдол гаргаж явсны эцэст  Ашигт малтмалын газраас дээрх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон ч  Алтайн гянт компани 2015 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  Анхан шатны шүүх “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан ч  тэд удаа дараа нэхэмжлэл гарган  захиргааны хэрэг үүсгүүлж чадсан бөгөөд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс түдгэлзсэн шийдвэр гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “Алтайн гянт”-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ард түмний өмчийг  хамгаалсан шийдвэр гаргасан юм.  Гэвч “Алтайн гянт”компани Дээд шүүхэд хандсан бөгөөд “Алтайн гянтын өмгөөлөгч байхгүй” гэсэн шалтаг шалтгаанаар Дээд шүүх  хэргийг хэлэлцэлгүй  4 удаа хойшлуулжээ. Ийм “уян хатан” хандлага Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын  хэрэг шийдсэн практик, туршлагад байхгүй аж.  Ийнхүү олон дахин асуудлыг шийдвэрлэхгүй гацааж хойшлуулсны эцэст УДШ-ийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь  хуралдааныг даргалж хэргийг анхан шат руу буцаасан байна.

Дээд шүүхийн Захиргааны шүүгч М.Батсуурь “Алтайн гянт”-ын хүсэлтийг ийнхүү дахин дахин хүлээж авч хошуу дэвсэхийн учир юу вэ. 

Улс төрийн бүлэглэл, хүчин зүйл шүүгчийн хараат бус байдалд хамгийн их нөлөө үзүүлж байгаагийн жишээ энэ юм.  М.Батсуурийг “Худалдаа хөгжлийн банкны шүүгч”  гэж хэлж болох бөгөөд  тус банкны  хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нь Эрдэнэтийн асуудал тойрсон маргааны үеэр олон нийтэд ил болсон.   Энэ хүнээр  Худалдаа хөгжлийн банкны  охин компани болох “Алтайн гянт”ын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурлыг  даргалуулах нь “эрх ашгийн зөрчил” мөн.

Эцэстээ “Хар хүчин”-ийхний  Монгол улсын стратегийн ач холбогдол бүхий нийт ард түмний томоохон ордуудыг бүгдийг нь шил дараалан хувьчлан авах гэсэн сонирхол, шунал  ил болоод байна.  Чоно борооноор гэдэг шиг сар шинэ дөхсөн амсхийх завгүй үеэр  “Алтайн гянт”ын талд асуудлыг шийдчих вий гэсэн хэвлэлийнхний хардлага, сошиал ертөнцийн жиргээнүүд магадгүй Багануурын хувь заяаг нэгэн удаа аварсан байж болох. Харин энэ удаа яах бол...

 

Анхан шатны шүүгчид ард түмний өмчийг авч үлдэх үү

Анхан шат руу буцсан Багануурын уурхайн асуудал өнгөрсөн 2 дугаар сараас нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны  шүүх дээр, тодруулбал А.Сарангэрэл шүүгч дээр дахин хянагдаж зарим нотлох баримтыг цуглуулж дууссан бөгөөд анхан шатны шүүх хурлыг зарласан боловч нөгөө л “өмгөөлөгч байхгүй” шалтгаанаар мөн л 3 удаа хойшлогдсон байна. Шүүгч А.Сарангэрэл, М.Цэцэгмаа, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүн Алтайн гянтын хүсэлтийг  мөн л хүлээн авч хуралдааныг дахин хойшлуулахаар шийдвэрлэсэн бөгөөд  2018 оны 7 дугаар сарын 19 буюу ирэх Пүрэв гаригт  шүүх хурал товлогджээ.  Энэ шүүх хурлаас Монголчууд “гал”тай байх эсэх нь шийдэгдэх гэж байна.   Юутай ч дараагийн шүүх хурлын бүрэлдэхүүнд эх оронч сэтгэл гаргаж ард түмний өмчийг авч үлдэхийг хүсч залбирах л үлдлээ.

“Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.”  гэж Төрийн сүлдэнд тангараг өргөснийг нь сануулъя.

Өмчөө хамгаалж, “Хар хүчин”-ийнхэнтэй тэмцье. Бидний тэмцэл шэйр-ээр эхэлнэ.

С.Хүрэл

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404