Х.Баттулга ОХУ-ын агаар, сансрын хүчний үзүүлэх тоглолтыг үзэж сонирхов.
2019/08/29

Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулсан ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолт өчигдөр Хүй долоон худагт болж өнгөрлөө.

Үзүүлэх тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга үзэж сонирхов.

Төрийн тэргүүнийг ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал А.Ю.Чайко нарын төлөөлөгчид угтаж, Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаяр ОХУ-ын агаар, сансрын хүчний уран нислэгийн үзүүлэх тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

 

ОХУ-ын агаар, сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийнхан СУ-30СМ сөнөөгч онгоцоор агаарт уран нислэг хийж үзүүлсэн бөгөөд энэхүү онгоц нь Сухойн нэрэмжит зохион бүтээх товчооноос агаарт ноёлох зорилгоор бүтээсэн олон төрлийн зориулалттай, амдан сөнөөгч онгоц юм байна.

Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Батбаярын хэлснээр өндөр ур чадвар, техник шаардсан хүнд үзүүлбэрүүдийг ОХУ-ын нисэгчид сайн гүйцэтгэсэн бөгөөд  үхлийн гогцоо хэмээх бүтэн тойргоор эргэлдэх үзүүлбэрийг хийсэн нь хамгийн хүнддээ тооцогддог байна.

Энэхүү тийрэлтэт онгоц нь яндангийн хэлбэрээ өөрчилдөг тул огцом эргэлт, өндөр хурдаас зогсолт хийх, эгц доош газар руу довтлох зэрэг хэцүү жолоодлогуудыг хийхэд дөхөм байдаг аж.

 

 

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404