Х.Баттулга: Ирэх жилийн наадмаар ахин баяртайгаар уулзацгаая, наадацгаая.
2018/07/12

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Наадамчин олон монголчууд аа,

Монгол уламжлал, ёс заншил, урлаг соёл дэлгэрч, хүүхдийн гийнгоо хадан, мэргэн харваачид уухайлж, хүчит бөхчүүд шавж, дэвсэн сайхан өдрүүд наадмын түрүү магнайг бүх төрлөөр тодруулснаар өндөрлөлөө. Монгол наадмыг жил тойрон тэсэн ядан хүлээж, хөлс хүч, ухаан самбаагаа шавхан бэлдэж оролцсон бүх наадамчиддаа баярлалаа. Та нарын нөр их хөдөлмөр, уламжлал соёлоо дээдэлсэн ариун сэтгэл, спортод шимтэх дур сонирхол дээр Монгол наадам оршиж, дэвжин дэлгэрч байдаг шүү.

Наадмыг үзэж сонирхсон, дамжуулж мэдээлсэн, дэмжиж уухайлсан бүх хүнд амжилт ерөөе. Энэ цаг үед эх орондоо байхгүй алсаас интернет, телевизээр  үзэж сонирхон, наашаа чих тавин хамтдаа наадаж, дэмждэг бөхөө даган өндөлзөж, хурдан хүлгүүдээ харан огшиж суусан гадаадад буй монголчууд, тархан суурьшсан Монгол үндэстнүүддээ бас баярлалаа. Монгол наадам бол бүх Монгол үндэстнийг соронз мэт татан,  анхаарлыг нь энэ хэдэн өдөр Монгол Улстай, нийслэл Улаанбаатартай уяж чаддаг цөөхөн зүйлсийн нэг. Энэ бол монгол бидний нэгдэн нягтрах, дээдлэн сүслэх үнэт зүйлсийн нэг.

Бидний уламжлал соёлыг хүндэтгэн, Монгол оронд цаг заваа зориулан ирж наадмыг үзэж сонирхсон гадаадын зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсье.

МОНГОЛ НААДАМ өндөрлөж байна. Ирэх жилийн наадмаар ахин баяртайгаар уулзацгаая, наадацгаая.

Ивээлт наран мэт сайн үйлс дэлгэрсээр хамаг ертөнц гийх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс цэцэглэн хөгжих болтугай.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404