Д.Тогтохсүрэн: АН-аас 25 санал ирүүлсэн. Үүний 17-г нь хүлээж авах боломжтой
2019/08/21

Өнгөрөгч долоо хоногийн Даваа гарагт эхэлсэн МАН-ын бүлгийн хурал өнөөдөр ч үргэлжлэв.

Өнөөдрийн хуралдааны талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгээс АН-тай зөвшилцөх шийдэл гарсан. Үүний дагуу зөвшилцөх ажил үргэлжилж байна. Өчигдөр АН-аас албан ёсоор 25 санал ирүүлсэн. Үүний 17-г нь хүлээж авах боломжтой, найм нь огт өргөн баригдаагүй учир хэлэлцэх боломжгүй гэж үзсэн

АН-аас байгалийн баялагтай холбоотой, парламентын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд олон санал өгсөн. Эдгээр саналууд хөндөгдсөн учраас хүлээж авах боломжтой гэж үзсэн. 

Харин парламентаас Ерөнхийлөгчийг сонгодог байх, олон улсын шүүх байгуулах зэрэг саналуудыг хүлээж авах боломжгүй юм. 

Сонгуулийн тогтолцооны хувьд АН-аас холимог байх санал ирүүлсэн. Энэ дээр хоёр талаасаа ярилцаж байгаа. Мөн тус намаас УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болъё гэдэг санал ирүүлсэн. Өмнө нь Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ асуудлыг шийдсэн. УИХ-ын гишүүдийг хууль зөрчсөн тохиолдол эгүүлэн татдаг болъё гэдэг заалт орчихсон. Тиймээс АН-ын саналыг тусгасан гэж үзэж байгаа.  

Үүнээс гадна ахиад хэд хэдэн чиглэлд АН-ыг албан ёсоор байр сууриа илэрхийлээч гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу АН-ын зөвлөл өнөөдөр хуралдана гэсэн.

АН-ын зөвлөлийн хуралдааны шийдийг хараад манай намыг бүлгийн хурал завсарлалаа. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх зүйл байгаа. Энэ ажлууд өнөөдөр дуусах байх. 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногийн Пүрэв гарагт чуулганаар хэлэлцэхийг зорьж байна” гэлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404