Н.Цэрэнбат: 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа
2019/08/21

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

 -Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зарим газруудыг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн зааг  өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ингэснээр Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг,  Байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Хөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын заагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар,  Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших  Гутайн даваа мөн байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг оршин Хан уул орчмын газрыг Хангайн нурууны орчмын өргөтгөлөөр тус тус улсын тусгай хамгаалалтад авлаа. Ингэснээр 6 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан улсын тусгай хамгаалалтад авч байгаа газрын хэмжээ 1.2 сая га гаруй, нийт газар нутгийн 0.83 хувиар нэмэгдэж байна.

 Мөн    Хөвсгөл нуурын орчмыг эко аялал жуучлалын бүс болгон зарлалаа. Ингэснээр Хөвсгөл нуурын эрэг орчим цаашид газар олгогдохгүй. Тухайн бүс нутгий хөгжүүлэх үүднээс тогтоол батлагдсан.  

 Түүнчлэн байгал орчинд хууль бус үйл ажиллагаа явуулсан 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа хэмээв. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 -Ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж байна вэ?

 -Холбогдох хуулийн үүргийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар салбарын сайдын албан бичгийг 202 аж ахуй нэгжид хүргүүлж байсан. Тухайлбал, энэ албан бичиг авсан аж ахуйн нэгжээс тусгай зөвшөөрөл нь цуцлагдаж байна. Жишээ нь Архангай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Монгол газар” ХХК-ийн эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Ашигт малтмалын хууль зөрчиж, үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нөхөн төлбөрийг олгоно. Байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулахаар Засгийн газар хуулийн дагуу хандана.

 -Ноён уулд үйл ажиллагаа явуулж байсан компаниудад нөхөн олговор олгох уу?

 -Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг уул уурхайн лиценз олголтод шалгалт хийж, дүгнэлт гаргана. Лиценз олгох үйл явцад хууль бус үйлдэл гаргасан бол цуцална.

 -Нөхөн сэргээлтээ хийгээгүй  хэдэн аж ахуй нэгж байна вэ?

 -Уул уурхайтай холбоотой эвдэрсэн газрын тооллого хийгдсэн. Удахгүй нөхөн сэргээлт хийгдээгүй компанийн бүртгэл гарна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404