Мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд толгойгоороо хариуцлага тооцно
2019/08/19

Улсын онцгой комиссын хуралдаан Төрийн ордонд боллоо. Цаг агаар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийв. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

 -Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах өргөтгөсөн хуралдаан хийж байгаад талархаж байна. Монголын мах, гурил, хүнсний ногооны үнэ ханшид онцгой анхаарах хэрэгтэй. Энэ хавар мах 14000 төгрөг хүрч, иргэд маш их бухимдсан.

 Махны экспортыг нэмэгдүүлэх нь сайн ч дотоодын хэрэгцээг сайн хангах хэрэгтэй Ард түмэн нь 14 мянган төгрөгөөр нэг килограмм мах авч байхад махны экспорт хийгээд явах вэ. Мах яагаад үнэд орж байгаа вэ гэвэл экспорттой шууд холбоотой. Үүн дээр төрийн зохицуулалт хийх ёстой. Нийлүүлэлт сайтай, нөөц бэлтгэх ёстой. Ч.Улаан сайд үүн дээр онцгой анхаарах хэрэгтэй.

 Хур бороо ихтэй, тариа ногооны болц гүйцэхгүй, гэнэт хүйтэрвэл мөстлөг тогтохоор байна. Хүндрэл бэрхшээл үүсч байна. Ч.Халтар сайд Налайхын замын ажил борооны улмаас  29 хоног саатлаа гэж байна. Энэ бүхэн дээр бодох ёстой.

 Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд толгойгоороо хариуцна шүү. Дараагаар нь янз бүрийн учир шалтгаан тайлан тавиад байх шаардлагагүй.

 Аймаг, орон нутгийн дарга нар ажилдаа эзэн байх хэрэгтэй. Нэгдүгээрт нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албанд сахилга хариуцлагыг тогтоох, унаж байгаа эдийн засгийг сэргээх гэсэн гурван асуудлыг Засгийн газар зорилт тавьсан. Энэ чиглэлд олон ажил хийгдэж байгаа. Шударга ёс гэдэг зүйл нэг өдөр тогтохгүй нь ойлгомжтой.

 Байгалийн баялгийг хууль бусаар тэмцэж байгаа хүмүүстэй хатуу тэмцэх хэрэгтэй. Монголын төрд олигархиуд орж ирснээс үйл ажиллагаа нь гацаанд орж байгаа. Хэдэн халтар цаасанд амаа үдүүлж болохгүй. Монголын төр мөнгөний өмнө гудайж, олигархиудын өмнө өвдөг сөхөрч болохгүй.

 Дээр нь Төрийн эрх мэдлийг давхар олж авсан хүмүүстэй ярьж байна. Бизнес улс төр хоёрыг салгах хэрэгтэй. Үүнийг манай удирдлагууд анхаарах хэрэгтэй. Тост, тосон бумбын ордыг юу болж олж авав. Лицензүүдийг цуцал гэсэн. Цагдаагийн байгууллага ажиллаад ирсэн. Төрд төмөр нударга байдаг гэдгийг харуулах хэрэгтэй. Сүүлийн 30 жил дутагдаж байсан зүйл бол энэ.

 Ам руу нь мөнгө чихээд асуудлаа шийддэг гэж ярьж байгаа хүмүүс бий. Хэдэн халтар төгрөгний өмнө гудайж болохгүй. Гэмт хэрэгтэнтэй хатуу тэмцэх хэрэгтэй. Орхоны хөндийгөө  хар, Архангай, Сэлэнгэ аймаг Ерөө, Хүдэрээ хар, Хэнтий Гутайн даваагаа хар. Энэ гол мөрөнг чинь ширгээж дууслаа. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе. Газар нутгаа хамгаалаг.

 УИХ, Засгийн газрын бүх шатанд олигархи, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэнийг сонгох ёстой, хэнийг сонгохгүй гэдгийг ард түмэн таньдаг болсон. Эрх барьж байгаа ууган намын даргын хувьд бид улс төрийн намуудад уриалж байгаа.

 Дараагийн УИХ-д нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулах дарга нар энд сууж байгаа. Хулгайч нар төрд байх ёсгүй, бизнесээ хийгээд амьдар. Хулгай хийнэ, хүн амины хэрэг хийнэ, концессдэнэ, ЖДҮ-днэ. Би үүний эсрэг хатуу байр суурьтай байсан.

 Би үүн дээр хатуу байр суурьтай байсан, хэнээс ч айхгүй, нугарахгүй, хэнд ч худалдахгүй. Намайг худалдаж авна гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй хэмээв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404