МАН 108 гишүүнтэй болно гэдгийг хүлээж авахгүй
2019/08/16

УИХ дахь МАН-ын бүлэг дөрвөн өдөр хуралдаж 40 гишүүн цаасаар саналаа хураагаад тарсан.  Харин өнөөдөр тав дахь өдрөө хуралдаж цаасаар авсан саналуудаа нэгтгэв. Гэвч МАН-ын бүлгийнхэн ямар ч зөвшилцөлд хүрч чадалгүй хурлаа дахин тараалаа. Улмаар ирэх даваа гаригт дахин хуралдахаар болж байна.

Ерөнхийлөгчийн зүгээс  УИХ-ын нэг циклийг таван жил болгох, гишүүдийн тоог 108 болгон нэмэх,  Сонгуулийн тогтолцоог холимог болгох, Засгийн газар мөрийн хөтөлбөрөө ҮАБЗ-д танилцуулж, хэрэгжүүлэх зөвшөөрөл авах, ТНБД нарыг арван жилээр сонгодог байх, ШЕЗ-ийн  дэргэд сахилгын хороо байгуулах зэрэг асуудлуудыг тусгахаар оруулж ирсэн. 

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн хурлын дараа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Ард нийтийн санал асуулга явуулах тухай, гишүүдийн тоо нэмэгдүүлэх, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлууд  дээр Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөж ойлголцох хэрэгтэй байна. Үндсэн хууль бол зөвшилцлийн баримт бичиг. Түүнээс нэг нам Үндсэн хуулийг дангаараа баталж болохгүй гэсэн байр суурьтай байгаа.

Манай бүлгийн гишүүд 108 гишүүнтэй болно гэдгийг хүлээж авахгүй гэдгээ илэрхийлсэн. Хэт олон байна. Гол нь ард түмэн дэмжихгүй. Өчигдрийн цаасаар авсан санал асуулга нь үргэлжилж зөвшилцөж явах уу гэдэг санал авсан. Бүлгийн гишүүд зөвшилцөх нь зөв гэж үзсэн учраас зөвшилцөл үргэлжлээд явж байна. Сонгуулийн тогтолцооны асуудлаар манай гишүүд ярилцаж байгаа. Эцсийн шийд гаргаагүй байна.

Өчигдөр үдээс хойш болон өнөөдөр Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн тамгын газар , АН-ыхантай зөвшилцөх ажлууд хийгдэж байна. АН-ын гишүүд орон нутагт ажиллаж байгаа учраас даваа гаригт хурлаа хийж эцсийн  шийдвэр гаргахаар тогтлоо. Ирэх долоо хоногт ээлжит бус чуулган хуралдана. Өнөөдөр 13.30 цагаас УИХ-ын даргын зөвлөл хуралдах гэж байна.“ гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404