ХУВИЙН ХЭВШИЛ ДЭРГЭДЭЭ ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛБАЛ ХУВЬСАХ ЗАРДЛЫГ ТӨР ДААНА
2019/08/15

Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхэд цэцэрлэгийн хүртээмж хангалтгүйгээс маш олон хүүхэд цоожтой хаалганы цаана үлддэг. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дэргэдээ цэцэрлэг байгуулсан хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Байгууллагын цэцэрлэг” санаачлагыг гаргаж, аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллаж байгаа юм байна. Өнгөрөгч хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэгт 261354 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 46305 хүүхэд хамрагдаж чадаагүй. Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, 2019 онд гэхэд 13455 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 93 цэцэрлэг ашиглалтад оруулах гэж байна.

Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгоор хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачлагыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулах, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээслэх зэрэг олон арга хэлбэрийг ашиглан ажиллаж байгаа хэдий ч шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй 20 гаруй мянган хүүхэд байх урьдчилсан дүнтэй байна.

Тиймээс хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд дэргэдээ цэцэрлэг барих, байгууллагын цэцэрлэг санаачлагыг дэмжиж ажиллавал 20 мянга гаруй хүүхдийн тодорхой хувь нь цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм. Засгийн газраас байгууллагын цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, хоолны зардлыг хариуцан санхүүжүүлэхийн зэрэгцээ багшийн мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр “Ариг гал” ХХК, Дулааны цахилгаан станц-3, Хууль сахиулахын их сургуулийн дэргэд 8 бүлэг, Тагнуулын ерөнхий газрын дэргэд 2 бүлэг, Гадаад харилцааны яамны дэргэд 2 бүлэг төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлэг байдлаар, МУБИС-ийн СӨБС-ийн дэргэд 10 бүлэгтэй цэцэрлэг, Гэрлэх ёслолын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд тэдний ажилтнуудын нийт 1300 гаруй хүүхдэд зориулсан байгууллагын цэцэрлэг ажиллаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404