Монголын топ аж ахуйн нэгжүүд байгууллагын цэцэрлэгтэй болохыг дэмжив
2019/08/14

Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт, тэр дундаа бага насны хүүхдийн боловсролыг дэмжихэд ихээхэн анхаарч, Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрт “Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах” зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ зорилтын хүрээнд “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” уулзалт, хэлэлцүүлгийг өнөөдөр БСШУСЯ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгууллаа. Уулзалтад Монголын топ 20 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, “Байгууллагын цэцэрлэг” санаачилгад нэгдэн оролцохоо илэрхийллээ.

Өнгөрөгч хичээлийн жилд нийт 1435 цэцэрлэгт 261354 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 46305 хүүхэд хамрагдаж чадаагүй.

Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө оруулалтыг жилээс жилд нэмэгдүүлж, 2019 онд гэхэд 13455 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай 93 цэцэрлэг ашиглалтад оруулах гэж байна. 

Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгоор хүүхдийн цэцэрлэгийн барилгыг барих, өргөтгөх, хувийн хэвшлийн цэцэрлэг байгуулах санаачлагыг дэмжих, төрийн бус өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт зохион байгуулах, цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээслэх зэрэг олон арга хэлбэрийг ашиглан ажиллаж байгаа хэдий ч шинэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй 20,0 гаруй мянган хүүхэд байх урьдчилсан дүнтэй байна. 

Хэдийгээр Засгийн газар боловсролын салбарт онцгой анхаарч хөрөнгө оруулалтын хэмжээг өндөр тавьж, шинээр сургууль, цэцэрлэг барьж байгуулж байгаа ч хүн амын өсөлтийн хурдыг гүйцэхгүй байгааг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан онцолсон. Нөгөө талаар сургууль цэцэрлэгийн насжилт өндөр байгаа нь хүртээмжийг нэмэгдүүлэхэд хүндрэл учруулах хүчин зүйл болж байна гэлээ. Иймт төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байгаа юм.

Хувийн хэвшлийн байгууллагуудын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад дэргэдээ Цэцэрлэг байгуулан ажиллах нь өгөөжтэй үр дүнтэй алхам юм.

Өнөөдрийн байдлаар “Ариг гал” ХХК, Дулааны цахилгаан станц-3, Хууль сахиулахын их сургуулийн дэргэд 8 бүлэг, Тагнуулын ерөнхий газрын дэргэд 2 бүлэг, Гадаад харилцааны яамны дэргэд 2 бүлэг төрийн өмчийн цэцэрлэгийн салбар бүлэг байдлаар, МУБИС-ийн СӨБС-ийн дэргэд 10 бүлэгтэй цэцэрлэг, Гэрлэх ёслолын газар, ХУД-ийн Засаг даргын тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэд тэдний ажилтнуудын нийт 1300 гаруй хүүхдэд зориулсан байгууллагын цэцэрлэг амжилттай ажиллаж байна.

Засгийн газраас байгууллагын цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, хоолны зардлыг хариуцан санхүүжүүлэхийн зэрэгцээ багшийн мэргэжлийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404