“Huawei” болон “ZTE” компанийн хориг өнөөдөр хүчин төгөлдөр болж байна
2019/08/13

АНУ-ын төрийн байгууллагуудад БНХАУ-ын харилцаа холбооны “Huawei” болон “ZTE” компанийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах, мөн эдгээр компанийн үйлчилгээг авахыг хориглосон шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр болж байна. Холбогдох мэдэгдлийг Холбооны улсын бүртгэлийн газрын цахим хуудсанд нийтэлжээ.

Хятадын компаниудын бүтээгдэхүүнүүдийг худалдан авах, ашиглахыг хориглосон байгууллагуудын тоонд АНУ-ын Батлан хамгаалах яам, Үйлчилгээний ерөнхий газар болон Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв /NASA/ орсон байна.

Энэхүү хориг нь зөвхөн “Huawei”, “ZTE” компаниуд төдийгүй тэдгээрийн салбарууд, мөн төхөөрөмжүүдийг нь ашигладаг компаниудаас худалдан авалт хийхэд хамаатай байна. Холбогдох баримт бичигт зааснаар, "тодорхой нөхцөлд" тухайн байгууллагын даргыг хоёр жил хүртэлх хугацаанд энэ хоригоос нэг удаа хасаж болох боловч 2021 оны наймдугаар сарын 13-ны өдрөөс хэтрэхгүй аж. Үүний тулд хүсэлтийнхээ үндэслэлийг нарийвчлан гаргаж, Конгрессын холбогдох хороонд танилцуулах шаардлагатай байна. Үүнээс гадна, “Hytera Communications Corporation”, “Hangzhou Hikvision Digital Technology”, “Dahua Technology” зэрэг Хятадын компаниуд болон тэдгээрийн охин компаниудын хяналтын камер, тоног төхөөрөмжүүдийг худалдан авах, ашиглахыг хоригложээ.  

АНУ-ын засаг захиргаа “Huawei” компанийг БНХАУ-ын цэргийн болон тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, үйлчлүүлэгчдийг тагнаж байна гэж буруутгасан юм. Түүнчлэн харилцаа холбооны 5G стандартад шилжихдээ тус компанийн дэд бүтэц, төхөөрөмжүүдийг ашиглахгүй байхыг хэд хэдэн оронд уриалсан билээ.

АНУ-ын Худалдааны яам тавдугаар сард “Huawei”-г хар жагсаалтад оруулж, АНУ-ын үйлдвэрлэгчдээс тоног төхөөрөмжийн эд анги, технологийг худалдаж авах замыг нь хаасан. “Huawei”-г мөн зохих зөвшөөрөлгүйгээр Америкийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хориглосон компаниудын жагсаалтад оруулжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404