Турк: Эрдоганы “дайснуудаас” армийг цэвэрлэж эхэллээ
1 сарын өмнө

Туркд хориотой, сөрөг хүчний “Фетхуллахистуудын алан хядах байгууллагад хамааралтай гэж сэжиглэгдсэн 176 цэргийн албан хаагчийг баривчлах зөвшөөрлийг Стамбулын Прокурорын газар гаргасан гэж Anadolu мэдээлжээ.


Эх сурвалжийн мэдээлснээр сэжигтнүүдийн дунд нэг хурандаа, хоёр дэд хурандаа, таван хошууч мөн 100 гаруй ахлах дэслэгч байгаа гэнэ. Одоогоор тэднийг баривчлах ажил үргэлжилж байгаа юм байна. 


Эргэн сануулахад, одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 оны долоодугаар сарын 15-нд Туркд төрийн эргэлт хийх оролдлого гарч, үүний улмаас 248 хүн амиа алдан, 2,7 мянган хүн шархдаж байв. 


Энэ үйл явдлын дараагаас тус улсад эрх барих байгууллагууд, тусгай албад, шүүх, арми, боловсролын байгууллагуудад олныг хамарсан цэвэрлэгээ эхэлж, 50 мянга гаруй хүн баривчлагдан 140 гаруй мянган хүн ажилгүй болсон юм. 


Төрийн эргэлт хийх гэсэн оролдлогын гол зохион байгуулагч нь Исламын номлогч Фетхуллах Гюлен гэж үздэг ч тэрбээр үүнийг үгүйсгэдэг. Улмаар түүний үүсгэн байгуулсан гэгддэг,  дэлхийн улс орнууд дахь Турк сургуулиудыг хаах, багш нарыг нь баривчлах зэрэг тохиолдол гарч байсан. Монгол улс дахь Турк сургуулийн захирлыг ч Туркийн тусгай албаныхан барьцаалсан хэрэг гарч, улмаар тус сургуулийнхан энэ үйл явдалд олон нийтийн анхаарлыг хандуулж чадснаар Туркийн сургуулийн захирал Монголд үлдэж байв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404