Э.Содномжамц: Наадмын тасалбарын үнэ өөрчлөгдөөгүй, урьдынхаараа байна
2019/07/06

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тасалбарыг хэзээ, хаагуур худалдан борлуулах талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга Э.Содномжамцаас тодрууллаа.  

-Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тасалбарыг хэзээ, хаагуур, яаж худалдан борлуулах вэ?

-Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэх тасалбарыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр (“Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил”) долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд борлуулна. Мөн энэ жилийн нэг онцлог нь долдугаар сарын 8-9-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 2 секц буюу 1200 тасалбарыг цахимаар худалдах төлөвлөгөөтэй байна. Наадмын тасалбарыг цахимаар худалдан борлуулах боломжийн талаар бид нэлээд судалж үзсэн. Интернэт ашигладаггүй хүмүүс, өндөр настнууд тасалбар авч чадахгүй өнгөрөх гэх зэрэг зарим нэг сөрөг үр дагаврууд гарах юм билээ. Гэхдээ бид техник технологийн дэвшлийг ашиглах нь зайлшгүй. 1200 тасалбарыг eservice.ulaanbaatar.mn нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн  порталаар  борлуулах юм.

Урьд жилүүдийн нэгэн адил Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ нийт суудлын 50 хувийг ард иргэддээ зориулахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, ард иргэдэд 6000 тасалбар худалдан борлуулна гэсэн үг. Мөн Үндэсний их баяр наадмыг  үзэхээр ирж буй жуулчдад 3000 тасалбар худалдана, үлдсэнийг нь Төрийн байгууллагууд, тэдний урилгаар ирсэн гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид болон  Гадаадын Элчин сайдын яамдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд төлөөллүүдэд олгоно.  

-Жил жилийн наадмын тасалбарыг хүрэлцээгүй байна, худалдаж авах гэж хэдэн цагаар дугаарлан зогсдог гэсэн шүүмжлэл гардаг. Тасалбарын хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бий юү?

-Үндсэн оршин суугч нь гэхэд 1.4 сая хол давсан хүн амтай Улаанбаатар хотод 12 000 хүний суудалтай ганц Төв цэнгэлдэх хүрээлэн бий. Төв цэнгэлдэхэд наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааныг үзэж сонирхох гэсэн ард иргэдийн зүгээс жилийн жилд гомдол санал гардаг нь үнэн. Олон арван мянган хүн наадмын тасалбар авах хүсэлтэй байдаг. Түүнчлэн дэлхий нийтэд Монголыг таниулах аялал жуулчлалын гол брэнд болсон гэдэг утгаараа монгол наадмыг маань үзэж сонирхохоор маш олон жуулчин хүсэлтээ ирүүлдэг. БОАЯ-ныхан гэхэд л гадаадын жуулчдад зориулж наадмын нээлт, хаалтын 5000 тасалбар олгох хүсэлтээ ирүүлдэг. Гэвч бид Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ суудлын тоонд захирагдахаас өөр аргагүй. Аль болох бүхий л боломжит зохион байгуулалтыг хийж байна. Өнгөрсөн жил жуулчдад 2500 тасалбар худалдан борлуулсныг өнөө жил 500-гаар нэмэгдүүлж, 3000-д хүргэлээ. Ер нь цаашид монголчууд бид олон мянган хүний багтаамжтай  томоохон цэнгэлдэх хүрээлэн барих ажлыг л эхлүүлэх шаардлагатай байна.

-Энэ жилийн наадмын тасалбарын үнэ ямар байх вэ?

-Тасалбарын үнийн хувьд сүүлийн 15 жилийн турш явж ирсэн хуучин тарифаараа байна. Тодруулбал, наадмын нээлт, хаалт, бөхийн барилдааныг үзэх багц тасалбар суудлаасаа хамаараад 16 000, 24 000 гэсэн хоёр ангилалтай байгаа. Шадар сайдаар ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах  хорооны хурлаар хэлэлцээд наадмын тасалбарын үнийг нэмэхгүй, урьдынхаар нь хэвээр  үлдээх шийдвэрт хүрсэн. Наадмын нээлт, хаалт болон бөхийн барилдааны тасалбарыг дамлан худалдаалах явдал иргэдийн бухимдлыг төрүүлдэг учраас  үүнээс сэргийлэх, зайлсхийх зорилгоор нэг хүнд 2 ширхэг тасалбар л олгохоор зохицуулалт хийж байна.

-Автомашины зөвшөөрлийг хаанаас авах боломжтой вэ?

-Автомашины зөвшөөрлийг мөн адил долдугаар сарын 8-9-нд нийслэлийн Нэгдсэн үйлчилгээний төвүүд буюу “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн дөрвөн цэгээр худалдан борлуулна. Зөвшөөрөл нь 3000, 10 000 төгрөгийн үнэтэй байна.

Дэлхийд ганц монгол наадмаараа дэнж хотойтол нааддаг нийт монголчууддаа болон бөмбөрцгийн өнцөг булан бүрээс Монгол Улсыг зорин ирсэн нийт жуулчид, зочид төлөөлөгчдөд Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой,Үндэсний их баяр наадмын болон Нийслэлийн 380 жилийн ой мэндийг хамтатган дэвшүүлье. Сайхан наадаарай.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404