ОЮУТОЛГОЙ 34 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТЫГ МОНГОЛООР ДАМЖУУЛАХ ЁСТОЙ
2019/07/05

Оюутолгой төслийг хэрхэх талаар УИХ-аас гаргах шийдвэрийн төслийг гаргах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ажиллаж байгаа юм. Энэ талаар түүнээс тодруулахад Ажлын хэсгээс гаргах шийдвэрийн төсөл долдугаар сарын 19 гэхэд бэлэн болох аж. УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн хэлснээр Оюутолгой компанийн мэдээллийн ил тод байдлыг тодорхой болгох, гэрээгээр хүлээсэн үүргүүдээ биелүүлэх, 34 хувьтай тэнцэх хэмжээний валютыг Монголоор дамжуулдаг болгох зэрэг шийдвэрлэх 60 орчим асуудал бий гэдгийг тодотгож байна.

Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Гэрээг маш олон талаас нь харж судалж байна. Өнөөдөрийн байдлаар Оюутолгойн гэрээ Монголын ард түмэнд ашиг тусаа өгч чадахгүй байгаа. Татвар болон ашигт малтмалын нөөц ашигласан төлбөрөө төлж байгаа. “Оюутолгой”-д 700 гаруй компани ханган нийлүүлж байна. Зөвхөн энэ талаасаа л Монгол Улсын хөгжилд нэмэр болж байгаа. Гэтэл Оюутолгойн орд бол дэлхийн хэмжээний орд, нөөц нь өнөөг хүртэл гүйцэт судлагдаагүй ийм орд. Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани мөн дээрээс нь бусад ховор металлуудтай. Энэ бүхнийг Монголын ард түмэнд ашигтай болгох зүйлийг бид хийх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах нь зөв. Гэхдээ гаднын хөрөнгө оруулалт дандаа гадна талдаа ашигтай байж болохгүй.  Тийм учраас бидний зүгээс Оюутолгой ордны үр өгөөжийг Монголын ард түмэнд ашигтай байдлаар шийдэх шаардлага үүсч байна.

"ОЮУТОЛГОЙ 34 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ВАЛЮТЫГ МОНГОЛООР ДАМЖУУЛАХ ЁСТОЙ" 

Хөрөнгө оруулагч талын гэрээгээр хүлээсэн үүргүүд нь хангагдаагүй. Тухайлбал, цахилгаан станц барих асуудал шийдэгдээгүй байна. Хятадаас жилд 400 сая ам.доллар цахилгаан авч байна. Хоёрдох асуудал нь баялгийн мөнгө Монголоор дамждаггүй. Зөвхөн ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, худалдан авалт зэргийн хэдхэн ам.доллар Монголд орж ирж байгаа. Энэ нь арилжааны банкуудын хооронд үнэ хаялцуулсан байдалтай Монголын төгрөг үнэгүйдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Үндсэндээ мөнгөн гүйлгээг ченж сэтгэхүйгээр хийх боломжгүй. Монголын баялгийг эзэмжиж байгаа учраас хамгийн доод хувь нь гэхэд 34 хувьтай тэнцэх хэмжээний валютыг Монголоор дамжуулах зэрэг энэ бүхнийг өөрчлөх шаардлага бий.

Мөн Оюутолгой компани Монголын геологийн төв лаборатори, гаалийн лабораторийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, Хятад, Английн лабораторид металлаа шинжлүүлдэг. Монгол Улс баялгийн эзний хувьд хэдэн төгрөгийн үнэтэй баялаг гаргаж байна вэ гэдгээ мэдэх эрхтэй. Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтэд Оюутолгой компани гадаад худалдааны гэрээгээ нууцалж байна гэдгийг тодотгосон. Энэ бол 21-р зуунд байж болохгүй асуудал. Зөвхөн Монголд л байна. Африкийн зарим улс хүртэл экспортолж байгаа бүтээгдэхүүнийхээ үнийг мэддэг байтал Монголчууд бид мэдэхгүй. Оюутолгой компанийн мэдээллийн ил тод байдлыг тодорхой болгох ёстой. Энэ мэтчилэн шийдвэрлэх 60 орчим асуудал байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404