Хүйтэн энэ орчлонд хүнээрээ л үлдчих юм сан...
2019/07/04


Хүмүүс үйлийн үрийн талаар ямар бодол тээж явдгийг мэдэхгүй. Миний ойлгож ухаарснаар үйлийн үр гэж хүний зөв явах ухааны үндэс суурь мэт. Аливаа зүйлийг анхнаасаа буруу бодлоор муу сэтгэлээр эхэлбэл энэ нь тэр хүндээ ч тусгүй өөрт нь ч нэмэргүй юм. Сүүлийн үед хүмүүс хоорондын харилцаа, хандлагыг анзаараад байхад нэг л тийм бага эрх ашгийн төлөө хүнээ байж өөрийгөө ч танихгүй болжээ. Уг нь хүнээрээ байх маш энгийн л гэж хувьдаа би боддог. Бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, гэхдээ энэ үнэн байх. Хайрлах халуун зүрхтэй, энэ нь удаан байх. Эд хөрөнгө элдэв дээдэд шунан дурлахгүй байх. Хэтэрхий баян байлаа гээд бид нэг өрөөнийхөө буланд амьсгал хурааж, илүү их мөнгөтэй байлаа гэхэд бид өдөртөө таван удаа хоол идэж амжихгүй юм. Тийм их хөрөнгө, хоолыг шингээх ходоод гэж хэнд ч байхгүй. Тиймээс л бурхны шашинд бусдын төлөө гэсэн буян арвижин тэлж өөрийн жаргалыг огоорч явах хэрэгтэй хэмээн сургадаг биз. Бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий. Энэ тухай Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай агсан надад ярицлага өгөхдөө хэлж байсан удаатай. “ Таны залуу сайхан биеэ авч явахад ямар зүйл нөлөөлдөг вэ” гэж асуухад “ Миний ээж намайг миний хүү бүх зүйлд хэмжээ, хязгаар бий. Бүх зүйлийн хэмжээ хязгаарыг тааруулж хүртэж яв. Хоол идсэн ч,архи уусан ч, хувцас өмссөн ч бүхий зүйлд хэмжээ гэж байдаг. Хэрвээ энэ хэмжээ хязгаараас хэтэрвэл чи хүнээ байна гэж хэлсэн. Би энэ л сургаалийг дагаж яваад 90 гаруй насыг зооглолоо” хэмээн ярьж байв. Энэ үнэн юм. Бид сайхан буурлуудынхаа үгийг сонсч тэднийхээ үгэнд үргэлж орж явах учиртай. Бидний өдий дайтай яваа нь их буурлуудын маань буян заяа юм. Миний эмээ 100 насыг зооглоод бурхны оронд дэвшсэн. Эмээгийнхээ алтан хайрцгийг нээлгэх гээд нэлээд олон лам нар дээр очиход татгалзсан хариу өгөөд байв. Тэдний хариулт нэг л байсан. Ийм сайхан өндөр насалсан буурлын хойтохыг бага залуу настай лам нар авдаггүй юм, буяныг нь даахгүй гэсэн. Ингээд бид хайж байгаад настай нэг лам олсон. 70 гаруй насны тэр лам эмээгийн хойтохыг дааж аваад ингэж хэлсэн. “ Би олон жил номын мөр хөөлөө. Гэхдээ энэ хугацаанд 100 насалсан буурайгийн хойтохыг авч үзээгүй ээ. Энэ бол миний хувьд лам болсны минь буян юм гээд биеийг нь ороох шар торгыг өөрөө гаргаж өгсөн. Эмээд минь хэчнээн хүндэтгэлтэй хандаж байгааг минь хараад бидний уй гашуу тухайн үедээ бага ч болов нимгэрсэн юм. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр хүний буян заяа гэж хязгааргүй, бусдад буян санаж явах хэчнээн сайхан гэдгийг ойлгосон юм. Бид ямар сайхан хүмүүсийн дунд амьдарч буйгаа анзаардаггүй юм билээ. Зөвхөн л өөрийн хүсэл зорилгыг биелүүлэхийн тулд бусдыгаа гомдоож явснаа хожим ухаарах нь дэндүү харамсалтай санагддаг. Хожмын нэг өдөр халуун амь хөрөх үед хайртай хүмүүс чинь чиний төлөө хэчнээн их зовохыг санаж явах хэрэгтэй. Хүн шиг амьдарсныг чинь тэд л гэрчилнэ. Тиймээс хүйтэн энэ орчлонд хүнээрээ үлдэхэд ямар ч эд хөрөнгө, албан тушаал, эрх мэдлийн алин ч хэрэггүй, зөвхөн өөрийн тань оюуны мэлмий мэдэх хэрэг юм билээ. Үг үнэн, үйлдэл зөв байхад бусад нь болно доо.


В.САРАНТУЯА

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404