У.Хүрэлсүх улстөрчдийн рейтингийг тэргүүлжээ
2019/07/03

Судалгаа, зөвлөх үйлчилгээний  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага  гэвэл "MMCG" ХХКомпани юм.

Тус компани    улс төрчдийн рейтингийн талаар саяхан судалгаа явуулжээ. Ингэхдээ үйл ажиллагаа нь иргэдэд таалагдаж байгаа ТОП-15 улс төрчдийн судалгааг хот, хөдөөгийн иргэдийн дунд явуулжээ.  Түүнчлэн энэ судалгааныхаа дүнг нэгтгэн нийт  массаас хамгийн өндөр хувийн санал авсан улс төрчдийг мөн эрэмбэлжээ. Энэ судалгааны дүн өнгөрөгч зургадугаар сарын байдлаархи иргэдийн санаа бодлыг илэрхийлж байгаа юм.

Судалгаанаас харахад Ерөнхий сайд У.Хүрэлсүх  Улаанбаатар болон  орон нутагт хамгийн өндөр хувийн санал авчээ. Өөрөөр хэлбэл түүний үйл ажиллагааг иргэд хаа сайгүй дэмжиж байгааг илэрхийлж  байна.  Улаанбаатар хот болон орон нутагт  судалгаанд хамрагдсан иргэдийн 36-37 хувь нь Ерөнхий сайдын  ажилд эерэг  үнэлэмжтэй байгаагаа илэрхийлжээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан 29 хувийн саналаар хоёрдугаарт эрэмбэлэгдэж араас нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  нэрлэгджээ.

Хот,  орон нутгийн нийт дүнгээрээ  эхний таван байранд У.Хүрэлсүх, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, С.Жавхлан, Ерөнхийлөгч Х.Баттулга нар жагссан байна.

Судалгааний нийт дүнгээр үйл ажиллагаа нь  таалагдаж байгаа ТОП-15 улс төрчийг жагсаавал:

1.У.Хүрэлсүх

2.Ж.Батзандан

3.Л.Оюун-Эрдэнэ

4.С.Жавхлан.

5.Х.Баттулга

6.Л.Болд

7.Ц.Нямдорж

8.Г.Занданшатар

9.Б.Бат-Эрдэнэ

10.Г.Аюурсайхаэн

11.Н.Учрал

12.Н.Энхбаяр

13.Д.Тогтохсүрэн

14.Д.Лүндээжанцан

15.Ч.Хүрэлбаатар нар нэрлэгджээ.  

Харин  хэрэв маргааш сонгууль явуулбал аль намыг дэмжих вэ гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 22 хувь нь МАН, 21 хувь нь АН-д өгнө гэжээ. Оролцогчдын  20 хувь нь аль ч намыг дэмжихгүй гэжээ.

Төрийн гурван өндөрлөгт итгэх итгэл индексээр Ерөнхий сайд мөн  тэргүүлсэн байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийнх 5.9, Ерөнхийлөгч Х.Баттулга 5.4, УИХ-ын дарга Г.Занданшатар 4.3 хувьтай байна.

Бие даасан судалгааны байгууллагуудын дүнгээс харахад  Ерөнхий сайд У.Хүрэлсүх тогтмол өндөр рейтингтэй байгаа нь  түүний улс төрд эхлүүлсэн их цэвэрлэгээг иргэд дэмжиж байгаагийн илэрхийлэл болж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404