"7 сарын 1" бид мартах ёсгүй
2019/07/01

Одоогоос 11 жилийн өмнөх энэ өдөр монголчуудын хувьд аймшигт өдөр тохиосон билээ. Эргэн санавал 2008 оны зургаадугаар сарын 30-нд болсон УИХ-ын сонгуулийн дүнгээс үүдэн БНН-ын дарга Б.Жаргалсайхан, иргэний хөдөлгөөний О.Магнай, Ж.Батзандан нарын зохион байгуулсан тайван жагсаал хүчирхийлэл болж таван залуу амиа алдсан юм.

Тухайн үед үймээн дэгдээгчид МАХН-ын төв байрыг галдан шатааж, цаашлаад Соёлын төв өргөө, Морин хуур чуулгын байр, Уран зургийн галерейн байранд хүртэл халдсан байдаг. Үүний уршигаар олон тооны түүх, соёлын олон үнэт зүйлсийг ул мөргүй шатааж томоохон хэмжээний хохирлыг улсад учруулсан билээ.

 

Энэхүү үймээний үед таван хүний амь үрэгдсэнээс гадна олон мянган хүн гэмтэж бэртэж эрүүл мэдээрээ хохирч, 700 гаруй хүнийг баривчилсан байдаг. Гэвч энэхүү үймээн самууныг үеэр галт зэвсэг нээх үүргийг өгсөн эрхмүүд өнөөдрийг хүртэл нууц хэвээрээ. Шүүхээс энэ хэрэгт буруутай гэж үзэн Цагдаагийн ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн,
Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт хоёр жилийн ялыг тус тус оноосон. Гэвч тэдний хэргийг Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэж, тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй үлдсэн юм. Өдгөө ял авсан дарга нар бүгд өвчний улмаас болон бусад шалтгаанаар чөлөөлөгдсөн.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404