Н.Энхбаяр: Ард түмэн бол анхдагч, төр засаг хоёрдогч гэдгийг ҮХ-даа суулгаж өгөх хэрэгтэй
2019/06/29

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд ард иргэдээс санал авах ажил орон даяар өрнөж байна.  МАХН-ын гишүүд УИХ-ын түвшинд хэлэлцэх гэж буй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөлд анхааралтай хандаж эхэлжээ. Тэд энэ асуудлаар улс төрийн намуудын төлөөлөл, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ажлын хэсгийнхэн, Д.Лүндээжанцан тэргүүтэй хуульч гишүүдтэй хэд хэдэн удаа уулзаж, санал бодлоо солилцсон байна. Энэ удаа асуудалд хариуцлагатай бөгөөд туйлын хянуур оролцож байгаагаа илэрхийлж, УИХ-ын дарга Г.Занданшатар болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт өөрсдийн саналыг албан бичгээр хүргүүлж байгаагаа мэдэгдлээ. “Үндэсний мэдээллийн төв”-д хийсэн хэвлэлийн хуралд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, Нийслэлийн намын дарга Э.Эрдэнэжамъян, Гүйцэтгэх товчооны гишүүн Л.Мөнхсайхан, Сүхбаатар дүүргийн МАХН-ын Мянгатын дарга Д.Дуламсүрэн нар оролцов.

Н.Энхбаяр хэлэхдээ “Өнөөдөр Үндсэн хуулийг өөрчлөх гэж оролдож байгаа нэмэлт, өөрчлөлт нь нийгэмд тулгамдаж буй асуудлыг шийдэж чадахгүй гэж бид үзэж байгаа. Ард түмнээс саналыг нь асуухдаа санамсаргүй түүврийн аргаар сонгосон гэж хэлээд өөрсдийн доор байдаг, удирдлагад нь байгаа хүмүүсээ авчраад зөвлөлдөх санал асуулга хийчихлээ гээд явсан. Үндсэн хуулийг төлөөлөгч хүмүүс биш ард түмний өргөн оролцоотойгоор өөрчлөх хэрэгтэй. Төлөөллийн ардчилал гэж байдаггүй юм. Тийм байвал ардчилал өөрөө завхарна. Иймд одоо хийх гэж байгаа өөрчлөлт ард түмний эрх ашигт хэрхэн нөлөөлөх тухай үндэслэл гаргаж, одоогийн Үндсэн хуулийнхаа дутагдлуудыг зас. Ард түмэн бол анхдагч, төр засаг хоёрдогч гэдгийг Үндсэн хуульдаа суулгаж өгөх хэрэгтэй юм.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн Үндсэн хуулийн 6.1, 6.2-т Байгалийн баялаг нь ард түмний болон төрийн өмч байна. Мөн түүнийг ард түмний эрх ашгийн төлөө төр захиран зарцуулах тухай заасан байгаа. Энэ буруу заалт нь ард түмнийг ядууруулж байна. Учир нь төрийн өмч гэдэг нь дарга нарын өмч болчихоод байна. Байгалийн баялаг төрийн өмч, төр захиран зарцуулах эрхтэй учраас хүн бүр УИХ-д гарах гэж зүтгэж байна. Гэвч одоо 6.2-ыг давтаад,энэ зүйл заалтад өөрчлөлт хийхгүй байгаа учраас үүнийг өөрчлөлт гэж үзэхгүй. Өмчийн хэлбэрийг өөрчлөхгүй бол ард түмний сайн сайхны төлөө зарцуулна гэчихээд дарга нарын өмч хэвээр үлдэнэ.

Байгалийн баялаг төрийн өмч байж болохгүй. Зөвхөн ард түмний өмч байж ,иргэн бүр эзэн нь гэсэн гэрчилгээ авах ёстой. Тэр гэрчилгээгээр дамжуулж, баялгаас ашгийн хувиа авч, эмнэлэгт үнэгүй үзүүлж, боловсролыг үнэгүй олгохоор тусгах хэрэгтэй.” Гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404