УБ хотын 41 орон сууцны барилга усанд автжээ
2019/06/27

Үерийн аманд барьсан барилга, орон сууцнууд эхнээсээ хөрсний ус, бороо усанд автаад эхэлжээ.  Усыг нь зайлуулах системгүйгээс төвлөрсөн бохирын шугамруу нийлүүлэх асуудалд хүндрэл гарч байгаа аж.

 Үүнээс болоод төв цэвэрлэх байгууламжийн ачааллыг нэмэгдүүлж, улмаар шугам, хоолой эвдэрч гэмтэх асуудал үүсээд зогсохгүй өндөр үнээр худалдаж авсан орон сууцны суурь бетон нь чанарын шаардлага хангахгүйгээс болоод тухайн барилга хэзээ мөдгүй нурж ард иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохироох эрсдэл яригдаж эхэлжээ.

 Нийслэлийн захирагчийн ажлын албанаас “Хөрсний усанд автсан барилга, байгууламжийн судалгаа, дүгнэлтийн талаар танилцуулах уулзалт”-ыг  зохион байгуулав.

 Хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газар, СӨХ-ны дээд зөвлөл, Хувийн орон сууцны мэргэжлийн холбоод болон ШУТИС-ын багш нарын төлөөлөл бүхий 20 гаруй төлөөлөгчид оролцсон байна.

 Тус хурлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар болон ШУТИС-аас хамтран хэрэгжүүлсэн “Хөрсний усанд автсан барилга, байгууламжид хийсэн судалгаа”-ны дүгнэлтийг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд ашиглахад зориулан гаргасан “Барилга, байгууламжийн газар доорх хэсгийн ус, чийгний хамгаалалт –гарын авлага" номыг тарааж өгсөн. Мөн усанд автсан барилга, байгууламжуудыг хариуцан ажилладаг СӨХ, Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудад тус судалгааны дүгнэлтийг хүргүүлэх тухай мэдээллийг өглөө.

 Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дээрх асуудлыг дан ганцаар хариуцан шийдвэрлэх боломжгүй байгаа бөгөөд цаашид Засгийн газрын хэмжээнд буюу салбарын зохицуулалтын бодлого, эрх зүйн хүрээнд шинэчлэн, сайжруулах шаардлагатай байгаа талаар дурдаж, Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөлийн хуралд тус санал, зөвлөмжийг хүргүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404