Шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна
2019/06/26

УУХҮЯ-наас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал хийлээ.  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар  2019 оны эхний таван сарын статистик мэдээллийг танилцуулсан юм. 

 Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс  523.3 тэрбум төгрөг, цайр  41.4тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш 13.5 тэрбум төгрөг, бусад 35.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна.

 Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний V сард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4 (20.1%) их наяд төгрөгөөр өслөө. Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 953.6 (19.8%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5 (29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8 (17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өсчээ.

 Аж үйлдвэрийн салбарын борлуулсан нийт бүтээгдэхүүнээс 6.1 (73.3%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүнээс 5.2 (62.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

 Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний V сарын гүйцэтгэлээр 5.6 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 514.5 (10.2%) сая ам.доллараар өсчээ. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 948.3 сая ам.доллараар эерэг гарсан байна.

 Экспорт 3.3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 378.2 (13.2%) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.6% буюу нийт экспортын 83.1 хувийг эзэлж байна. Харин импорт 2.3 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 136.3 (6.3%) сая ам.доллараар өссөн байна.

 Монгол Улсын хэмжээнд 2019 онд нийт 8.15 сая баррель /1.1 сая тонн/ газрын тос олборлон, экспортод гаргаж, газрын тосны орлогоос улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй. Энэ сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 3.01 сая баррель буюу 408,091 тонн газрын тос олборлож, 2.84 саябаррель буюу 385,746 тонн газрын тос экспортолжээ.

 Тавдугаар сарын долооны өдрийн байдлаар улсын төсөвт 47.5 тэрбум төгрөгийн орлого хуримтлуулав. Энэ сарын 18-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 27 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 -Шатахууны үнэ сарын дараа буурна гэлээ. Хэдий хэмжээтэй буурах вэ?

 АМГТГ-ын орлогч дарга н.Эрдэнэбаяр:

 -2019 оны тавдугаар сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлэгдсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллараар бууж орж ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байгаа. Шатахуун, дизелийн түлш 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Зургадугаар сард орж ирэх нефтийн үнэ 40-50 ам.доллараар буурч орж ирэх магадлалтай. Тиймээс наадмын өмнө шатахууны үнэ 120 орчим төгрөгөөр буурна гэсэн үг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404