Эрэлийн Эрдэнэбатын үлгэрт цэг тавигдах уу
2019/06/25

"Хөгжлийн банк"-ны шалгалтын ажиллагааны хүрээнд “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг "Чингис" бондын хөрөнгөнөөс ямар ч барьцаагүй 23 сая ам.долларын зээл авсныг нь илрүүлсэн байдаг. 

Тиймээс "Эрэл” компаний захирал Б.Эрдэнэбатад холбогдох хэрэгт хэрэг бүртгэл нээн, эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа гүйцэтгүүлэхээр болсон байна. Түүний гэрт нь шалгалт үзлэг хийхээр очсон мөрдөн байцаагчийн биед халдсан тул түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйл заалтад зааснаар "Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.

Тэр "цаг хугацаанд нь зээлээ төлөөд явж байгаа" гэж мэдэгдсэн ч ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрэл компанийн хувьд эргэн төлөлтийнх нь график эвдэгдсэн асуудал үүссэн. Гэхдээ зээлийн ерөнхий зорилго муу биш. Томоохон дэлхийн стандартыг оруулж ирээд блок үйлдвэрлэх үйлдвэр барихаар зээл авсан. Тиймээс энэ нь стратегийн хувьд ач холбогдолтой эсэх дүгнэлт гаргаад хэрвээ ач холбогдолтой гэж үзвэл Хөгжлийн банкны зээлийг эргэн төлөх замаар төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулах асуудал яригдана. Аль эсвэл хугацааг нь сунгаад төлөлтөө хийх нь зүйтэй гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Гэхдээ Засгийн газар Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд шууд оролцохоо больчихсон. Зөвхөн стратегийн хувьд ач холбогдолтой үгүйг Засгийн газар тодорхойлно. Тухйн зээлийг хөгжлийн банк өөрөө амьтай, амьгүйг нь дүгнэнэ" хэмээн мэдэгдсэн.

Хөгжлийн банкны шалгалт үргэлжилж буй энэ өдрүүдэд "Эрэл" компанийн зээлийн мэдээллийг дахин сануулахад, тус компани нь Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам. доллар зээлээд эргэн төлөөгүй нь илэрсэн юм .

Ер нь Хөгжлийн банкны экс удирдлагуудыг шалгах явцад өчнөөн зөрчил нэмж илэрсээр байна . Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарыг “Чингис”, "Самурай" бондын мөнгийг үр ашиггүй зарцуулж, завшсан 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил учруулсан хэргээр шалгаж буй. Улмаар Ерөнхий прокурорын тушаалаар ЦЕГ, АТГ, УЕПГ, ЭЦГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдан хэргийг шалгаж байгаа юм.  

1.3 их наяд төгрөгийн зөрчлөөс дурдвал,

  • “Шинэ төмөр зам” төслийн ажлын төсөв, гүйцэтгэлийг харахад хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая, "Хаан" банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам.доллар тус тус гаргасан.
  • Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан зөрчил илэрсэн байдаг.
  • Түүнчлэн  Хөгжлийн банкны албан хаагчдын цалингийн зардал 2011 онд 373.8 сая төгрөг байсан бол 2015 оны жилийн эцсийн байдлаар 4 тэрбум 700 сая төгрөг болж өссөн, цагаан сараар гоё дээл өмсөж сайдтайгаа золгосон албан хаагчийг 3.5 сая төгрөгөөр урамшуулсан гэхчлэн олон зөрчлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа юм.

Эрэлийн Эрдэнэбатын хувьд "100 мянган нарны гэрэл" төслийн хүрээнд их хэмжээний хөрөнгө завшсан гэгддэг бөгөөд 1 тэрбумыг идэхийн тулд 10 тэрбумыг газар булсан гэж Их хурлын нэгэн гишүүн түүний тухай хэлж байсан нь ч бий.  Юутай ч хууль үйлчилдэггүй эрхэм захирал нэг хэсэгтээ шалгагдах нь. 

 

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404