"Шарилжгүй Улаанбаатар 4" аян эхэллээ
2019/06/22

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Шарилжгүй Улаанбаатар” IV аяныг эхлүүлж, зориулалтын автомат хадуур (50ш), ажлын хувцас, бээлий, масктай 100 хүнийг ажилд гаргаад байна. Дээрх ажилтнууд нь ГССҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, Улсын 1, 2, 3 дугаар төв эмнэлэг, “Амгалан”, “Өргөө”, “Хүрээ”  амаржих газар,  дүүргийн Эрүүл мэндийн төвүүд болон төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд голын эрэг, Энхтайваны гүүрний доод хэсэг, Нарны зам дагуух нүхэн гарцуудын орчим, үерийн далан суваг, дулааны шугам, төмөр замын хамгаалалтын зурвас дагуу нийт 1.2 сая м.кв нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, лууль, хөл газрын ургамлыг цэвэрлэх юм.

Хуваарийн дагуу тэд өчигдөр Баруун 4 замаас Гэсэр сүм, Баянбүрдийн тойрог чиглэлийн зам дагуу болон үерийн далан дагуу ургасан шарилж луулийг цэвэрлэж эхэллээ. Энэ жилийн онцлог бол шарилж, лууль, хөл газрын ургамлын ургалтыг зогсоох зориулалттай, хүний биед хор нөлөөгүй, БНСУ-д үйлдвэрлэсэн 13 тонн био бэлдмэлийг 1.5-2 га талбайд турших юм байна. Уг бэлдмэлийг зохион бүтээсэн Солонгосын эрдэмтэн өөрийн биеэр Улаанбаатарт хүрэлцэн ирж байгаа бөгөөд хэрхэн зөв хэрэглэх талаарх заавар зөвлөгөө өгч ажиллах гэнэ.

Мөн Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-ийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, 250 иргэдийн бүлгийн ажилчид орон сууцны болон гэр хороолол доторх туслах зам, гуу жалганд ургасан шарилж, лууль хөл газрын ургамлыг өдөр бүр хуваарийн дагуу тогтмол цэвэрлэнэ.

Түүнлчэн “Шарилжгүй Улаанбаатар бүх нийтийн их цэвэрлэгээ”-г зургадугаар сарын 29-ний Бямба гарагт хийхээр зарлаж байна. Энэ өдөр гэр хорооллын айл өрхүүд өөрийн хашаан доторх болон гадна ургасан шарилж луулиа цэвэрлэж, орон сууцны хорооллын айл өрх, СӨХ-үүд хүүхдийн тоглоомын талбай, байрны орчимд ургасан шарилж луулийг, ААНБ-ууд өөрийн хашаан доторх болон орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж лууль хөл газрын ургамалыг цэвэрлэж оролцох юм. Иймд “Шарилжгүй Улаанбаатар” аянд нийслэлийн нийт иргэд, ААНБ-ууд идэвхтэй оролцож, харшлын өвчлөлийг хамтдаа нэгдэж бууруулахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриаллаа.

"Шарилжгүй Улаанбаатар" аяны нэгдүгээр үе шат зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 5-ны хооронд 15 хоног үргэлжлэх бол хоёрдугаар үе шат наймдугаар сарын 5-20-ны хооронд 15 хоногийн хугацаанд тус тус явагдана гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404